
Монгол улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчиллын анхдагч Санжаасүрэнгийн Зориг агсаны мэндэлсний 61 жилийн ой өнөөдөр тохиож байна. С.Зориг бол монголын ардчиллын зориг нь байсныг дурдах хэрэгтэй байх.
Түүнийг амь насаа алдаад 25 жил болоход алуурчид нь ч, бас захиалагчид нь ч олдсонгүй. Жилд түүнийг хоёр удаа л дурссаар 25 дахь жил нь болж байна. Төрсөн өдөр нь эсвэл амиа алдсан өдөр нь түүнийг дурссан болно.
С.Зоригийг хөнөөсөн хэргийг хамтран зүтгэгчид нь ч, сөрөг хүчин нь ч илрүүлэхийг үл хүсэх шиг. Ц.Элбэгдорж түүнийг нас барах үед Ерөнхий сайд байсан. Тэрбээр түүнээс хойш дахин нэг удаа Ерөнхий сайд, хоёр удаа Ерөнхийлөгч болсон ч С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлсэнгүй. Нэг удаа ихэд хичээн Эрдэнэтээс хоёр малчин барьж хорьж, гурван шатны шүүхээр яллуулсан ч өчигдөрхөн тэднийг хэрэгтнүүд нь биш гээд суллачихлаа.
Дүү С.Оюун нь хэд хэдэн удаа ахынхаа нэрээр УИХ-д суусан ч хэргийг илрүүлэх тал дээр нөлөө үзүүлж чадсангүй. УИХ-д сууж байсан нэг агь ам алдсан асуудал гарсан ч тэр яриаг хол явуулсангүй.
С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг бичиж ярихдаа хуулийнхан хүртэл буруу ярьж, бичнэ. С.Зоригийн хэрэг гэж. Тэгвэл С.Зориг өөрөө хэрэг хийгээгүй харин 36 насандаа зэрлэг балмадаар хөнөөгдсөн юм шүү. Тиймээс С.Зоригийг хөнөөсөн хэрэг гэж бичиж ярих нь зүйн хэрэг.
Өнөөдөр С.Зоригийн хөшөөнд ардчиллын нэр барьж явдаг нөхдүүд цэцэг аваачиж тавина. Гэхдээ тэд энэ 25 жилийн хугацаанд хангалттай эрх мэдэлтэй байсан ч хэргийг илрүүлэхийн төлөө хуруугаа ч болов хөдөлгөөгүй нөхдүүд л дээ.
С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг энэ цагийн улстөрч хэмээгдэх олигархиуд бүгд хадан гэртээ харьсан хойно илрэх юм гэдэг нь ч бараг үнэн гэж бодном.
Энэ өдөр дэлхийг өөрчилж явсан сартваахь В.И.Ульянов буюу Ленин багш бас мэндэлсэн гэдэг.