Ц.Нямдорж: УИХ-ын гишүүний тоо 152 болсон ч хулгайчийн тоо л нэмэгдэнэ. Асуудал энд л байгаа юм

2023-04-19

Ц.Нямдорж өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд дараах тодруулга өглөө.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, ЗГХЭГ-ын дарга асан Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хүмүүсийг хэрэгт холбогдолгүй болгосон тухайд “Үнэнд гүйцэгдэнэ гэж байдаг юм. Тэр хоёр хүнийг хэлмэгдүүлсэн. Би яриагүй бол энэ хоёр шоронд нас барах байсан. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа ярьсан юм. Ядаж л ийм зүйлд хэзээ оролцох вэ гэдгээ ойлгодог байх хэрэгтэй.

Тухайн үеийн ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, хууль хяналтын бүх байгууллагын даргатай хатуу ширүүн тэмцэл хийсэн л асуудал.

Ийм нийгэмд хүнийг ингэж хэлмэгдүүлж болохгүй. Дарангуйлал тогтчихсон байсан. Тэр дарангуйллыг нураах гэж байдаг бүхнээ тавьж тэмцсэн. Эрдэнэтийн асуудал ч ялгаагүй. Ямар ч гэмгүй хүмүүсийг аваачаад захиалгаар хүн алсан гээд шийтгэсэн. Захиалагч байхгүй. Гурван шатны шүүх ийм л байсан. Бүх зүйл ойлгомжтой байсан. Мэргэжлийн хувьд ойлгож ядаад байх юм байгаагүй. Нэг л өдрийн ажил байсан.

Тухайн ажлыг зохион байгуулсан бүх хүнийг холдуулж байж хүмүүс хөдөлсөн. Одоо над руу дайраад байгаа нь үүнээс улбаатай. Би тэр дарангуйлал гэдэг зүйлийг үзэн яддаг.

Монголын төр энэ хоёр хүний бүх хохирлыг төлүүлэх ёстой. Миний хувьд олон ерөнхийлөгчтэй толгой дараалан муудалцаж байсан. Дарангуйлал бий болох гээд байсан учраас тэмцээд байсан юм” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Энэ хэргийг шалгаж байхад нь би  Б.Хурцад хэлж байсан. “Чи худлаа юм хөөгөөд байгаа юм биш биз. Таван прокурор суулгаж байгаад наад хэргээ уншуул. Хэргийн хойноос улайрсан хүмүүс алдаа гаргадаг юм шүү” гэсэн. “За” гэж хэлчихээд  цаашаа эргээд өөр юм хийсэн. Эцсийн үр дүн нь энэ. Хамгийн наадын захын асуудал нь захиалагчийг олоогүй байж захиалгаар хүн алсан гээд шийтгэсэн. Жишээ нь энэ хэрэг дээр Б.Булганыг хоригдож байхад нь зөв юмны араас орсон байж магадгүй гэдэг  горьдлого төрсөн.  Сүүлд нь Б.Булганыг гаргачихаад хөдөөний хоёр хүнийг аваад үлдчихээр дэндүү ойлгомжтой боллоо гээд асуудал ярьсан” хэмээлээ.

Мөн тэрбээр “Консул асан Д.Мөнх-Эрдэнийг захиалга өгч шийтгүүлээгүй. Хийсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээсэн. Миний хувьд олон удаа доромжлуулсан. Харин ямар ч гомдол гаргаагүй. Түүнийг элдэв зүйл яриад байхад нь жил гаруй тэвчсэн. Гурван нялх хүүхэдтэй юм билээ. Тэрийг нь бодож гомдол гаргаагүй. Би хүүхдэдээ ч битгий гомдол гарга, хэрэггүй гэсэн.

Тэр Оюунбилэг чинь 2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. Элдэв юм яриад нэр төрд нь халдаад ирэхээр  гомдлоо гаргах нь зүйн хэрэг юм байгаа биз дээ.

Би тэр аудитын байгууллагын дүн зэргийг мэдэхгүй. УИХ дээр ирж захиалгаа аваад энэ жил ийм байгууллагыг шалгана гээд, хуулийн асуудал байвал АТГ, прокурорт асуудлыг шилжүүлдэг. Чиний хүүхдийг гүтгэвэл чимээгүй суугаад байх уу. Ээжийн чинь талаар хачин юм ярьсан байхад хүүхэд нь сургуульдаа ямар нүүртэй очих вэ. Хүнийг гүтгэж болох уу. Тэр хүн гомдол гаргах эрхтэй”.

Бас “Би чинь улс төрд зоргоороо байсан хүн шүү дээ. Гэхдээ Монголд ардчилал гэдэг зүйл нутагшаасай гэж л явж байсан. Ардчилсан намыг хар даа. Ийм нам байдаг юм уу. Ардчилсан Намын асуудал бол зөвхөн та нарт хамаатай биш, Монголын асуудал шүү гэж зөндөө хэлсэн. Намаа тарамдаж дууслаа гэж саяхан хүртэл хэлсэн. Болохгүй л байна”.

Эрдэнэс- Тавантолгой тойрсон асуудал болон нүүрсний хулгайн талаар “Эрдэнэс Тавантолгой” компанид очсон хүн болгон хэрэгтэн болчихоод байгаа. Тавантолгойн орд 2004 оноос хойш улс төрийн зорилгоор ашиглагдаад 20 жил болж байна. Энийг тойрсон улс төр, шунал, энийг тойрсон далд зодоон аминд хүрэх гэж байгаа шүү дээ. Тэр үед бүгдээрээ л том бүтээн байгуулалт хийж байна гээд гангарч байсан үе нь шүү дээ. Тэгж ярих юм бол би 2012 онд баахан нууц гэрээ хийж байхад нь төмөр замын асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад захидал бичиж байсан.

Буруу замаар явлаа шүү, хэтдээ асуудал болно шүү гэдгийг хэлж байсан. Ордон дотор зургаан жил бараг ганцаараа энэ асуудлыг би ярьсан. Тавантолгойг тойрсон шунал аминд хүрч мэднэ гэж би ярилцлага ч өгч байсан.

Төмөр замын асуудлыг маш тодорхой ярих юм бол 2012 оны нэгдүгээр сарын 18-наас хойш ярьсан. Хэн ч тоогоогүй.  2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, шууд гэрээ байгуулж ажилла гэдэг шийдвэр гаргуулаад тэрийг нь нууцын горимд оруулчихаар хүн халдаж болдоггүй эд шүү дээ.

Нүүрсний хэргийн тухайд ерөнхий хандлага нь зөв. Гол нь зөв замаар явж жинхэнэ эзэн дээрээ бууж байна уу гэдэг өөр асуудал. Нэг хулгайчийг явуулаад бүр их хулгай хийдэг хүн оруулж ирвэл яах вэ. Нүүрсний хулгай гээд байгаа асуудал чинь төмөр зам барьсантай л холбоотой юм. “Төмөр зам яаралтай барь” гэж 2019 оноос бужигнуулаад л нүүрс гаргаад,  төмөр зам барьж дуусаад л хэрэг мандаад явчихсан.

Хэрэг нь шалгагдаж эхлээгүй байхад  Авлигатай тэмцэх газраас 17 хүний нэр зарласан. Зарласан хүмүүст нь би буруу зүйл хийлээ гэж хэлсэн.  Энэ чинь нарийндаа мөрдөн байцаалтын нууц юм. Нууц байлгаж шалгаад, бүх баримтаа гарт оруулж, баараггүй болсон үед нь зарлах ёстой. Мөрдөн байцаалтын нууц гэдэг юмны цаад агуулга энэ ” гэв.

Шүүхийн тухайд Ц.Нямдорж “Шүүх шударга бус байна гэдгийг би зөндөө хэлсэн шүү дээ. Шүүхийн байгууллагаа татан буулга гээд 2003 онд би захидал бичиж байсан. Өдрийн сонин дээр захидал байгаа.

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт хийлээ одоо сайхан болно гэсэн хаана байна. Шүүхийн сахилгын хороо нь ажиллахгүй байна. Би жишээ нь маш тодорхой зүйл ярьсан.

Улсын дээд шүүхийн Батсуурь гэдэг шүүгчийн талаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төлөөлж, хэрэг шийдвэрлэж байна. ХХБ-ны хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан хүнийг зайлуул гэж хэлээд 6 жил болж байна.

Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр  гээд өнөөдөр шуугиад байна, Хөтөлийн цаад талд тэр Улсын дээд шүүхийн шүүгч Батсуурийн аав л байсан. Батсуурийн аавын ард сахал Д.Эрдэнэбилэг л байсан. “Цемент шохой” төрийн өмчит үйлдвэрийг сахал Д.Эрдэнэбилэг л авсан байсан”.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудащлаар “Асуудал тогтолцоонд байхгүй, асуудал хүндээ байгаа. Мянга тогтолцоо өөрчлөөд сувдаг сэтгэлтэй  ард талдаа хулгай нүүсан хүмүүс эрх мэдэл бариад байх юм бол хийдгээ л хийнэ. УИХ-ын гишүүний тоо 152 болсон ч хулгайчийн тоо л нэмэгдэнэ. Асуудал энд л байгаа юм. Би энийг олон жил ярьж байна.

УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлдэг шалгуураа өөрчлөөч ээ гээд С.Баярыг МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байхад хэлж л байсан.

Гудамжинд явдаг, цүнх баригч нар УИХ-ын сонгуульд нэр дэвшиж УИХ-ын гишүүн болоод байна. Тэд нарт төрийн сэтгэл алга. Төрд алба хашсан, төр гэж юу байдгийг мэдэрсэн хүмүүсийг нэр дэвшүүлээч ээ. Төр тогтоно гэж байдаг юм. Хүн тогтохгүй байгаа учраас төр тогтохгүй байна. Тэр Т.Доржханд гэж нөхөр байнга тогтолцоо ярьж байна.  Би дарга нарт хэлсэн, “Та нар өөрсдөө шийдвэрээ гаргаад яв” гэж. Эрх мэдэлтэй хүмүүс нь шийдвэрээ гаргадаг юм байгаа биз.

Төр тогтоно гэдэг юмыг хоёр аргаар л хийдэг. Өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт хийгээд маргааш хийгээд  төр тогтохгүй. Хаанаасаа хаалгач нь гэдэг үг байдаг. Энэ зарчим манай намд ч алдагдсан. Өчигдөр банкны захирал байсан этгээд өнөөдөр даргын нөлөөнд оруутаа УИХ-ын гишүүнд болдог. Түүнд мөнгөнөөс өөр юм харагдахгүй шүү дээ. Өнөөдөр тогтолцоо биш түшээдээ ярих ёстой. Би энэ асуудал дээр хэзээ ч намын дарга нартай санал нийлж байгаагүй. Гудамжинд өнөөдөр баахан шударга  хүмүүс үсрээд байна. Бүгд УИХ-ын гишүүн болохын тулд  бусдыг доромжилж, гүтгэж байна” гэлээ.

“Хуулиараа ойр, ойрхон оролдоод байх нь сайн биш төр тогтдоггүй хууль ч тогтдоггүй. Төрд шунаг сэтгэлтэй хүн орохоор юу ч бүтдэггүй. Нэг хулгайч нөгөө хулагйчаар л солигдоно. Энэ зовлонг би өөрөө нүдээрээ үзсэн. Капиталист нийгэм байгуулж байна гэдгээ өнөөдөр ч манайхан ойлгохгүй байна. Эвийг нь олохгүй бол хоморголж болдоггүй эд. Би цагдаа нарт ганцхан юм хэлдэг байсан. Та нар дээрэм тонуулд орлцоод үзээрэй гэж. Монгол Улс ардчилсан, зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил болж байна.  Хувийн өмчид суурилсан нийгэм цаашаа явах юм уу үгүй юм уу. Аюултай юм тулгарчихаад байна” хэмээн ярьсан юм.

 

 

Холбоотой мэдээ