С.Зориг агсныг хөнөөсөн гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг прокурор хэрэгсэхгүй болгожээ

Маргааш 4 дүгээр сарын 20-нд С.Зориг агсан 61 нас хүрэх байв. Гэвч түүнийг УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэж байхад 36-хан насанд нь хэрцгийгээр хөнөөгөөд 25 жил өнгөрлөө. Улстөрийн захиалгат аллага гэж дүгнэцгээсэн. Гэвч алуурчид нь ч, захиалагчид нь ч олдолгүй өдий хүрлээ.

Түүнийг хөнөөсөн хэрэгтнүүд хэмээн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Атгаланбаатар нарыг ялласан. Гэвч тэднийг прокурор хэрэгсэхгүй болгожээ.

Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган гурван шатны шүүхээс ял оноосон. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2017 оны наймдугаар сарын 4-ний шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ, бас Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцсэн.

Улмаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт оногдуулсан 25 жил хорих ял, Т.Чимгээд оногдуулсан 24 жил хорих ялыг 20 жил болгон өөрчилж, уг ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Дараа нь тэднийг эрүүдэн шүүсэн хэмээх хэрэг үүссэн. Улмаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт ТЕГ-ын дарга Б.Хурцад 1.6 жил хорих, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатад нэг жил хорих ял оногдуулсан ч тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Хурцад уучлал үзүүлсэн.

Ингээд НПГ-аас С.Зоригийг амь насыг хөнөөсөн гэх хэргийг задалж, дахин хянуулах дүгнэлтийг Дээд шүүхэд гаргасан. Дээд шүүх 2021 оны тавдугаар сарын 14-нд хуралдаж, уг дүгнэлтийг хүлээж аваад, Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг батлан даалтад гаргасан. Түүнээс хойш тэдэнд холбогдох хэргийг дахин шалгаж байсан.

Тэгвэл мөрдөн байцаах ажиллагаа дуусч, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгожээ.

Энэ талаар Энэ талаар НПГ-аас Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг мөрдөх байгууллагаас таван удаа ирүүлсэн. НПГ хянаж үзээд дөрвөн удаа буцаасан. Харин тав дахь удаагийн хүсэлт гуравдугаар сарын 15-нд ирсэн бөгөөд хэлэлцэж үзсэнээр, цугларсан нотлох баримт хангалтгүй, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, эргэлзээ бүхий байна гэснээр яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон. Улмаар дээд шатны прокурор шийдвэрийг хянах ёстой, хянах ажиллагаа явагдаж байна. Дараа нь хэргийн оролцогч нарт тогтоолыг танилцуулна. Иймд тогтоол хүчин төгөлдөр болоогүй байгаа гэсэн үг” гэх мэдээлэл өгөв.

Прокуророос нэгэнт уг хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас уучлал гуйх, нөхөн олговор олгох зэрэг асуудлууд яригдах ажээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn