БЕРЛИН. /EVA MPG/. Палеогенетикийн судлаачид эртний хүннүчүүдийн хоёр суурингаас олдсон олон тооны генийг судалж, Хүннүгийн эзэнт гүрэнд үндэстэн хоорондын гэрлэлт, садан төрлийн холбоогоор холбогдсон, Төв Азийн янз бүрийн ард түмний төлөөлөл нутаглаж байсныг тогтоожээ. Энэ талаар Германы Хувьслын антропологийн (EVA) хүрээлэнгийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Xүннүгийн эзэнт гүрэн нь МЭӨ II зуунаас МЭ I зууны хооронд оршин тогтнож байсан Төв Азийн нүүдэлчдийн анхны томоохон нэгдмэл улс байсан юм. Орчин үеийн Монгол Улсын төвд энэхүү эзэнт гүрэн үүсэн бүрэлдсэн болохыг морь унах, морин дээрээс сур харвах өв соёлтой нь холбон тайлбарладаг.
сонин mn
Германы Хувьслын антропологийн хүрээлэн, Сөүлийн Үндэсний их сургууль, Мичиганы их сургууль, Харвардын их сургуулийн эрдэмтдээс бүрдсэн олон улсын судалгааны багийнхан Хүннү гүрний сурвалжит гаралтай хорь орчим хүний генийг сэргээж чадсан байна. Тэдний шарилыг орчин үеийн Монголын баруун хязгаарын Ховд аймгийн Тахилтын хотгор, Шомбуузын бэлчрийн хиргисүүрт оршуулсан байжээ.
Хүннү гүрний язгууртнууд нь генийн өндөр түвшний олон янз байдлаараа, тэр дундаа сурвалжит гэр бүлийн дотор ялгаатай байсныг судалгаа харуулжээ. Энэ нь янз бүрийн үндэстэн, ястнуудын сурвалжит язгууртнууд хоорондоо гэрлэх нь маш түгээмэл байсныг илтгэж байна.
Эдгээр үйл явцын хөдөлгөгч хүч нь эмэгтэйчүүд байсан байж магадгүй гэж судлаачид үзэж байгаа аж. Тахилтын хотгор, Шомбуузын бэлчрийн хиргисүүрээс олдсон эмэгтэйчүүдийн шарилыг эрэгтэйчүүдийнхийг бодвол илүү их чимэглэсэн байжээ. Түүнчлэн эрх мэдэлтэй байсныг илтгэх олон тооны эд зүйл олдсон байна.
Энэ тал дээр Хүннүгийн эзэнт гүрэн нь Монголчуудын эзэнт гүрэнтэй ижил төстэй бөгөөд энэ нь мөн нүүдэлчдийн “төр барих” уламжлал Төв Азид урт удаан хугацааны туршид хадгалагдаж ирснийг илтгэж байна гэж судлаачид үзэж байна.
Д.Одон
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг