Н.Учрал: Төрийн өмчит 58 байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээллийг ил болголоо

Төрийн ордонд УИХ-ын гишүүн ЦХХХ-ны сайд Н.Учрал шилэн ажиллагааны хүрээнд мэдээлэл хийлээ.

Н. Учрал “Шилэн ажиллагааны хүрээнд Shilen.gov.mn сайтад шинээр ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл лиценз эзэмшигчийн мэдээллийг ил тод болгов. Тухайлбал, нийт 6.178.816 га газар ашигт малтмалын лицензийн зөвшөөрөл өнгөрсөн хугацаанд олгогдсон байна. Үүнээс 4.334.991 га газарт хайгуулын 885 лицензийг, 1.843.825 га газарт 1.713 ашиглалтын чиглэлээр лицензийг олгоод байна. Ийнхүү нийт 2598 лицензээс, 41 лиценз идэвхгүй байгаа бол 2557 лиценз өнөөдрийн байдлаар идэвхтэй байна.

Түүнчлэн уул уурхайн салбар ил тод байвал улс орны эдийн засаг эрүүл байна. Учир нь улс орны экспортын орлогын 90 гаруй хувь нь уул уурхайгаас бүрддэг. Уул уурхайн салбарын мэдээллийг ил тод болгосноор иргэдэд шударга давуу талыг бий болгоно. Иймд шилэн ажиллагааны хүрээнд Shilen.gov.mn сайтад лиценз эзэмшиж байгаа аймгийн мэдээллийг бид ил тод байршуулсан байгаа. Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 58 байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн 504 гишүүний цалингийн мэдээллийг нэмж ил тод байршуулаад байна.

Түүнчлэн хөдөө аж ахуйг дэмжих санд 6883 аж ахуйн нэгж, төрийн байгууллага, төрийн бус байгууллага болон иргэний мэдээлэл ороход зээлийн өрийн үлдэгдэл 82.1 тэрбум төгрөг болж өссөн.  Иймд зээлийн үлдэгдэлтэй иргэд, хуулийн этгээдийн мэдээллийг ил болгож, өрөө төлөхийг шаардаж ажиллаж байна. Харин тусгай зөвшөөрлийн хувьд 14.277 мэдээлэл нээлттэй болгосон байгаа. Ийнхүү иргэн төрийн үйл ажиллагааг хянах бололцоог шилэн ажиллагаа бүрдүүлж байна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn