Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлт бол 2019 онд хийх гээд чадаагүй асуудлаа гүйцээхэд чиглэж байгаа

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдааны шийдвэрийг дарга Д.Тогтохсүрэн нь танилцууллаа. Тэрбээр “Хуралдаанаар нэг асуудал хэлэлцсэн. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн. Үүнийг бүлгээр хэлэлцлээ. Улс төрийн намын тухай хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт орж байсан. Хуулийн онцлог гэвэл дөрвөн зүйл байна.

Нэгдүгээрт, Улс төрийн намуудыг хариуцлагажуулах. Тухайлбал, хоёр сонгуульд дараалан оролцохгүй байвал идэвхгүй байдал руу шилжүүлэх. Хариуцлага тооцох, тараах зэрэг арга хэмжээ авна.

Хоёрдугаарт, Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна. Гуравдугаарт, улс төрийн намын санхүүжилтийг нээлттэй, ил тод болгох. Аудит оруулна. Хэрвээ тайлангаа ил тод тавиагүй бол хариуцлага тооцно,

Дөрөвдүгээрт, Улс төрийн намыг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг СЕХ-нд өгч байна. Уг хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж бүлэг үзсэн. Энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Дэмжсэн тохиолдолд ирэх долоо хоногт ажлын хэсэг байгуулагдаад хаврын чуулганаар хэлэлцэж батлах чигтэй байна” гэв.

-Үндсэн хуульд байн байн гар хүрэх нь хэр зохистой гэж харж байна вэ. Мөн Цэцийн гишүүн нэг удаа зургаан жил сонгогдоод дахин сонгогдох боломжгүй болсон. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

– Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өнгөрсөн оны наймдугаар сард Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбогдуулж өөрчлөлт оруулсан. Одоо хийж байгаа өөрчлөлтүүд 2019 онд хийх гэж өргөн бариад дутуудуулаад тухайн үедээ хийж чадаагүй дутуу асуудлуудаа л хийж байгаа гэж ойлгож болно. Гишүүдийн тоог нэмэгдүүлэх, холимог тогтолцоонд орох, Үндсэн хуулийн Цэцийн гишүүд нэг удаа сонгогддог болох зэрэг бүгд 2019 онд яригдаж байсан. Зарим нь санал хураалтын явцад унасан. Ийм учраас энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт бол 2019 онд хийх гээд чадаагүй асуудлаа гүйцээх, парламентын тогтолцоогоо боловсронгуй болгох чиглэлээр хийгдэж буй өөрчлөлтүүд бий. Хуулийн хүрээнд эдгээр заалтуудыг хориглоогүй.

-Үнийн өсөлт өдөр бүр нэмэгдэж байна. Үүн дээр тодорхой шийдэл иргэдэд хэрэгтэй байна?

Өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хурлаар үнийн өсөлт, инфляци, эдийн засгийн тэлэлт, экспорт , импортын асуудлаар Эдийн засгийн хөгжлийн сайд болоод бусад холбогдох сайдуудын мэдээллийг сонссон. Хил, гааль нээгдсэнтэй холбоотойгоор тодорхой хүрээнд үнэ нь буурах эсвэл өсөх тохиолдол ч бий. Тээвэр ложистик, валютын ханштайч холбоотой асуудлууд ч бий. Тодорхой чиглэлүүдийг сайд нарт нь өгсөн. Нэгдүгэрт, цалин тэтэгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал бий. Энэ хүрээнд судлах ажлын хэсэг ажиллаж байгаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлаар ч мөн ажиллаж байна. Зарим бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломж бий.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийг парламентаас сонгох эсэх асуудал олон жил яригдсан. Энэ удаагийн өөрчлөлтөөр энэ асуудал ерөөсөө орж ирээгүй байна?

-Хууль санаачлагчид уг асуудлыг одоогоор оруулж ирээгүй байх шиг байна. Гэхдээ энэ асуудал олон талтай учраас шууд хэлэлцээд явахад хэцүү. Бид хоёр танхимтай парламенттай болох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох  гэх мэт цаана нь үлдэж байгаа асуудлууд бий. Цаашид олон намаас бүрдсэн парламент бий болвол тэд хэлэлцээд явах ёстой гэсэн байр суурьтай байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn