Орхон аймагт хэрэглэлтэй пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2023 оны хэрэглэлтэй пауэрлифтингийн  XVII улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Орхон аймгийн Хангарди паласт эхэллээ.  Орон нутагт анх удаа зохион байгуулж буй энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 10 аймаг 20 спорт клубын 190 гаруй тамирчин  хурд, хүч, тэвчээр хатуужлаа сорино. Азийн аваргаас медаль хүртсэн 60 тамирчин, дэлхийн аваргаас медаль хүртсэн 20 гаруй тамирчин оролцож байгаа нь энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний чансааг илтгэж байна.

XVII улсын аварга шалгаруулах тэмцээн олон улсын пауэрлифтингийн тэмцээний /IPF/ дүрмээр явагдах бөгөөд эрэгтэй, өсвөрийн, залуучууд, насанд хүрэгчид болон мастер 1, 2, 3 ангиллаар, эмэгтэй өсвөрийн, насанд хүрэгчдийн, мастер 1 ангилал хэвтээ босоо түлхэлттэй 3 төрлөөр явагдана.  Пауэрлифтингийг хүч чадлын спорт гэдэг. Штангтай суулт, цээжнээс шахалт, үндсэн таталт гэсэн  өргөлтөөр тус тус гурван удаагын оролдлогоор хамгийн хүнд жинг өргөх тэмцээн юм.

Пауэрлифтинг  хэрэглэлтэй буюу нэмэлт хувцастай, хэрэглэлгүй буюу классик төрөлтэй  гэж  хоёр ангилдаг.  Нэмэлт хувцас хэрэглэлтэй нь хүнд жингийн буюу даацын штангийг авахын тулд зориулалтын цамц, суултын комбинзон, таталтын комбинзон зэргийг өмсгөж тамирчныг бэртэл гэмтлээс сэргийлдэг юм.

Сүүлийн жилүүдэд эл спортоор хичээллэгсдийн сонирхол нэмэгдэж Монгол Улс олон улсын тэмцээнд чансаа өндөртэй оролцож байгаа. Тэр дундаа Орхон аймгийн тамирчид Азийн аварга, дэлхийн аваргаас олон медаль хүртхийн зэрэгцээ улсын олон рекордыг эзэмшдэг  хэмээн Монголын Пауэрлифтингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга хэлж байв.

Орхон аймгийн пауэрлифтингийн тамирчид 2022 онд тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 23 медаль хүртсэн.  Тэдгээрээс дурьдвал, Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Олон улсын хэмжээний мастер н.Пэрэнлэй, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Олон улсын хэмжээний мастер н. Ууганбаяр,  мөн  “Рио 2016” пара олимпийн хүрэл, “Токио 2020” пара олимпийн алтан медальт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э. Содномпэлжээ  нар Орхончууд төдийгүй Монгол түмэн бахархам амжилтыг үзүүлсэн билээ.

Орхон аймаг  спортын чиг хандлага, хүн амын хэрэгцээнд нийцүүлэн олон талт, тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хэрэгжүүлэх замаар бие бялдрын боловсролтой, ёс суртахууны төлөвшилтэй, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх зорилгоор спортын олон төрлийн тэмцээн уралдааныг амжилттай зохион байгуулж байгаагийн нэг нь 2023 оны хэрэглэлтэй пауэрлифтингийн  XVII улсын аварга шалгаруулах тэмцээн юм.

Тэмцээнийг  аймгийн ЗДТГ, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, Орхон аймгийн пауэрлифтингийн нэгдсэн холбоо  хамтран зохион байгуулж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn