Хөдөө аж ахуйг дэмжих сангаас АТГ зээл аваагүй гэв

2023-04-13

Авлигатай тэмцэх газар нь Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 285 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр нийтлэгдсэн.  Уг мэдээлэлтэй холбогдуулан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанаас АТГ-т энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр албан бичиг ирүүлсэн байна.

Уг албан бичигт “Авлигатай тэмцэх газар нь Хөдөө аж ахуйг дэмжих сангаас ямар нэгэн байдлаар зээл авсан асуудал байхгүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл дамжуулсанд хүлцэл өчье.

Танай Мөрдөн шалгах хэлтсээс тус санд хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөртэй 16 иргэн, аж ахуйн нэгжийн 285,915,411 төгрөгийн өр төлбөрийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлж Сангийн яамны, Авлигатай тэмцэх газрын төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн талаар 2021 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 06/10313, 2022 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 06/15430 тоот албан бичгээр тус  мэдээлэл ирүүлсэн байна.

Үүний дагуу тус байгууллагаар дамжуулан зээлээ төлсөн аж ахуйн нэгжийн хүсэлтээр өр авлагыг хааж тооцоо нийлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад төлөгдсөн дээрх өр төлбөрийн талаар манай талаас тооцоо нийлэх холбогдох албан тушаалтныг даруй томилон ажиллуулах саналтай байна” хэмээжээ.

зураг

Холбоотой мэдээ