Орхон аймагт “Ногоон амины орон сууцны нээлттэй өдөрлөг” болно

Орхон аймаг орон нутагтаа хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд энэ сарын 22-ны өдөр “Ногоон амины орон сууцны нээлттэй өдөрлөг”-ийг А.Амарын талбайд зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн зорилго нь эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төслүүдийг нутагшуулах, үр нөлөөг иргэдэд таниулах юм.

Нээлттэй өдөрлөгт ногоон зээл олгогч банкууд, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны гүйцэтгэгчид, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч болон туслан гүйцэтгэгч зэрэг 30 гаруй байгууллага оролцож, эрчим хүчний хэмнэлттэй барилгын дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ хэрэглээ, арга, ач холбогдлын талаар иргэдэд   мэдээлэл өгнө.

Мөн зохион байгуулагчдын зүгээс ногоон орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд  тус өдөрлөгт оролцоход нээлттэй гэдгийг хэлж байна.

Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 4 га талбайд 60 айл, Оюут багийн Сархиа уулын энгэрт 4 га талбайд 300 айлын амины орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, “Хот байгуулалт барилга захиалагчийн алба”, ОНӨААТҮГ  “Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв” ТББ хамтран ажиллаж байна.

ЗДТГ Мэдээллийн төв


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn