Э.Бат-Үүл: Дүүжин тээвэр, хөнгөн галт тэргээр түгжрэл шийдэхгүй, метро л барих ёстой

Автомашины түгжрэлтэй холбоотой асуудлаар Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл өчигдөр Live хийж, байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр Улаанбаатар хотын асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарт хандаж,  “Дүүжин тээвэр, хөнгөн галт тэргээр түгжрэлийг шийдэхгүй. Метро л барих ёстой” гэж зөвлөлөө.

Э.Бат-Үүл “Сайд Ж.Сүхбаатар 2024 оны зургадугаар сард багтаан дүүжин тээврийн эхний урсгалыг ашиглалтад оруулна гэж ярьсан. Дүүжин тээвэр гэдэг бол Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхэд ямар ч ач холбогдол өгөхгүй. Түгжрэлийг шийдье гэвэл метроноос өөр сонголт байхгүй.

Өмнө нь хотын захирагч хийж байгаад Шадар сайд болсон С.Амарсайхан “Дүүжин тээвэр хэрэгжүүлнэ. Францын талтай хамтарна, ТЭЗҮ хийхэд зориулж 20 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэж хэлж байсан. Метроны урьдчилсан ТЭЗҮ  хийсэн байхад дүүжин тээвэр гэж  шинэ юм гаргаж ирээд,  урьдчилсан ТЭЗҮ хийхэд 20 тэрбум төгрөг шилжүүлсэн нь буруу.

Сайд Ж.Сүхбаатартай зэрэгцээд хотын дарга Д.Сумъяабазар хөнгөн галт тэрэг буюу LRT төсөл хэрэгжүүлнэ гэж ярьсан. Хятадад ажиллах үеэрээ үйлдвэрээр нь зочлоод Энхтайвны гүүрэн доогуур хөнгөн галт тэрэг нэвтрүүлдэг болгоно гэх зүйл ярьж, сурталчилсан. Ярьж байгаа зүйлийг нь сонсохоор Улаанбаатар хотын түгжрэлийн шалтгаан мөн чанарыг ойлгоогүй хүмүүс байна.

LRT  төслийг нэг тэрбум гаруй ам. доллараар хийнэ гэсэн, хотын дарга Д.Сумъяабазар. 2013 онд хийсэн метроны урьдчилсан ТЭЗҮ дээр  нийт өртөг 1.5 тэрбум ам.доллар байсан. Метро гэдэг чинь хөнгөн галт тэрэгтэй зүйрлэхийн аргагүй үр ашигтай төсөл. Гэтэл түүний 50 хувьд ч хүрэхгүй, хүчин чадалтай хөнгөн галт тэрэгт зориулаад 1.5 тэрбум ам.доллар ярих. ТЭЗҮ нь гараагүй байхад, хаанаасаа ч ямар тооцоо гаргасан юм.

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аас баталсан байдаг.  Энэнийхээ дагуу л ажлаа ярих ёстой байхад гэнэт нэг нь дүүжин тээвэр, нөгөө нь хөнгөн галт тэрэг гэж яриад хоорондоо ч учраа олохоо болилоо.

Улаанбаатар хотын түгжрэлийн гол голомт нь Энхтайвны өргөн чөлөө. Жилд давхардсан тоогоор 230 сая зорчигч тээвэрлэдэг маш өндөр нягтралтай, ачаалалтай өргөн чөлөө. Энэ чөлөөний түгжрэлийг шийдвэл бусад замын түгжрэлийг шийдчих боломжтой. 2013 оны тооцоогоор дээрх чөлөөгөөр 230 сая орчим зорчигч давхардсан тоогоор зорчдог гэж судалгаа гарч, яригддаг байсан одоо бүр нэмэгдсэн байх. Гол голомтын судлыг шийдэхгүйгээр түгжрэлтэй тэмцэхгүй.

Ойлгоогүйгээр барахгүй Улаанбаатар хотын нийтийн тээврийг хшүнд байдалд оруулахуйц хийсвэл зүйл яриад сууцгааж байна. Бэлэн урьдчилсан ТЭЗҮ нь хийгдчихсэн метроны төслөө хэрэгжүүлэх ёстой байтал хийсвэр зүйл ярьцгаагаад, хоёр үзүүртэй юм ярьцгааж байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн мастер төлөвлөгөө гарчихсан. Түүнийгээ л хэрэгжүүл” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn