Силиконы агууламжтай “Maxim” кофе Монголд орж ирсэн, худалдаалагдсан эсэхэд хяналт шалгалт хийлээ

Сүүлийн өдрүүдэд БНСУ-ын “Dongsuh Foods” компанийн Чанвон дахь үйлдвэртээ хийсэн “Maxim Mocha Gold” кофены найрлагад силиконы агууламж илэрсэн тухай мэдээлэл гарч байна.

Улмаар силиконы агууламжтай кофе Монголд орж ирсэн, худалдаалагдсан бол хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх вэ гэх асуулт хувь хүн, хэвлэл мэдээллийн байгууллагаас олон ирсэн. Тиймээс энэ мэдээллийн дагуу хяналт шалгалтын ажил хийсэн ЭМЯ-ны Салбарын хяналтын газраас тодруулахад дараах мэдээллийг өглөө.

“БНСУ-ын “Dong Suh foods Changwon” үйлдвэр нь өөрийн нэрийн бүтээгдэхүүн “Maxim” кофены гурван сарын хяналтын 18 дээжид силикон илэрсэн нь үйлдвэрлэлийн явцад үйлдвэрийн тоног төхөөрөмжид хэрэглэсэн силиконоос бохирдсон, 2024 оны есдүгээр сарын 19-26-ны хооронд дуусах хугацаатай “Mocha gold mix” кофег татан авч цаашид үйлдвэрлэл, чанарын хяналтаа сайжруулж ажиллахаа илэрхийлсэн мэдээллийг өөрийн вэб сайтад байршуулжээ.

Тус гаднын биет болох силикон нь нунтаг бус 2-4 мм хэмжээтэй усанд уусахгүй тунах тул хүнд харагдах боломжтой гэсэн байна. Монгол Улсын Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн кофены импортын сүүлийн таван жилийн мэдээллээс харахад, тус нэрийн кофег 2023 онд нэр бүхий нэг компани гурван удаа импортолсон байна.

Мэдээллийн дагуу шалгахад 2024 оны есдүгээр сарын 19, 20, 21, 22, 26-ны өдрүүдэд дуусах хугацаатай “Maxim mocha gold mild” нэрийн кофе илрээгүй. Гэвч иргэдийг “Maxim mocha gold mild” нэрийн кофе худалдан авахдаа 2024 оны есдүгээр сарын 19, 20, 21, 22, 26-ны өдрүүдэд дуусах хугацаатай эсэхийг нягтлан харж сонголтоо хийхийг сануулан, сэрэмжлүүлэх нь зөв” хэмээн Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn