
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дөрөвдүгээр сарын 2-6 хүртэл дөрвөн өдөр хуралдаж, Д.Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан билээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг зөв тодорхойлж чадаагүй, буруу тогтоосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн.
Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэхүү хэргийг шүүсэн шүүгч нарыг Шүүхийн сахилгын хороонд хандаж, шалгуулна хэмээн мэдэгджээ.
Х.Нямбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэргүүдийг “Кёкүшюзан”-ы хэрэг шиг шийдээд байвал хэцүү болно. Тиймээс энэ хэргийг цагаатгасан шүүгчдийн талаар Шүүхийн сахилгын хороонд хандана. Шийдвэр гаргасан шүүгч нартай холбогдуулж, өөрөө хандана” гэж мэдэгджээ.