- Сонгуулийг 38:38 гэсэн холимог тогтолцоогоор явуулна. Гишүүдийн 50 хувь нь тойргоос, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдоно гэсэн үг.
- Сонгуулийн зардлыг бууруулах хэд хэдэн заалт оруулсан.
- Гадаадад байгаа сонгогчдын саналыг авна.
- Намуудын УИХ-д суудал авах босго оноо гурван хувь байна. 2012 онд таван хувь байсныг бууруулж гурав болголоо.
- Эмэгтэйчүүдийн квотыг 30-аас доошгүй хувь байлгана. Өмнөх хуулиар 20 хувь байсан.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсэг төслөө Засгийн газарт илгээж өнгөрсөн долоо хоногт саналыг нь авсан. Засгийн газар санал өгөхдөө жагсаалтаар нэр дэвшигчид 50:50 хувь эрэгтэй, эмэгтэй байх ёстой гэсэн саналыг өгсөн.
Ингээд Сонгуулийн хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр мэдээлэл хийхдээ “Сонгуулийн тухай хуулийн төслийг өнөө маргаашгүй өргөн барина” гэж мэдэгдсэн.
Эцэст нь маргааш өглөө уг хуулийн төслийг өргөн барихаар болжээ. Ийнхүү хойшилсон шалтгаан нь УИХ дахь АН-ын бүлгийн байр суурьтай хобоотой бололтой. Ажлын хэсэгт нь гишүүдээ оруулж хамтран боловсруулсан АН-ын бүлэг тусдаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл өргөн барихаар болжээ.
АН-ын бүлэг мөн маргааш төслөө УИХ-д өргөн барихаар төлөвлөсөн байна. АН-ын бүлэг тойргоос болон намын жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоо тэнцүү байх нь буруу, намын жагсаалтыг хаалттай бус нээлттэй буюу иргэдээр сонгуулж эрэмбэлүүлэх нь зөв гэж үзэж байгаа аж.