Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ батлан даалтад гарах хүсэлт гаргасан ч шүүх татгалзав

Консул асан лайвчин Д.Мөнх-Эрдэнэд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Түүнийг суллахыг АН-ын зарим гишүүд шаардаж,  тус шүүхийн гадаа эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.

Д.Мөнх-Эрдэнийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад буй.

Д.Мөнх-Эрдэнийг шүүхээс хоёр удаа суллаж, гурван удаа хорьсон.  Прокурорын зүгээс оргон зайлах, үгсэн хуйвалдах, хэргийн материалыг устгаж болзошгүй гэх үндэслэлээр хорих хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан.

Д.Мөнх-Эрдэнэ шүүх хурал оролцохдоо батлан даалтад гарах хүсэлтээ тавьсан аж. Мөн тэрбээр хэргийн материалтайгаа танилцаагүй, мөн өмгөөлөгчөөр хангаж өгөхийг хүссэн байна. Шүүгчид түүний хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хурлыг түр завсарлуулсан ч хүсэлтийг нь хүлээж авахаас татгалзжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn