Баянзүрх дүүргийн Газрын албаныхан авлигын хэрэгт холбогджээ

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны I хэсгийн эрх бүхий албан тушаалтнууд болох Д.Отгонбаяр, Ц.Отгонбямба, II хэсгийн газар зохион байгуулагч О.Сайнбаяр нарыг бусдаас хясан боогдуулах замаар их хэмжээний хахууль авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж эхэлжээ.

Тэд тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь Гачуурт, Шар хоолой, Улиастайн аманд гэр, орон сууцын зориулалттай 0.07 га газар хүссэн иргэдийн өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэлгүй дарагдуулж, хүсэлт гаргаагүй хүмүүсийн нэр дээр олгож байсан гэх хэрэгт холбогдсон аж.

Тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхны хэлснээр АТГ-ынхан дээрх хүмүүсийг албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгахаар болж, шүүхээс захирамж гаргасан байна. Гэтэл тэд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргаад албан тушаалаас нь түдгэлзүүлэх захирамжийг хүчингүй болгуулсан гэнэ. Уг хэрэгт Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Бат-Өлзийг ч холбогдуулан шалгахаар болжээ.

АТГ болон прокурорын байгууллагынхнаас уг хэргийн талаар тодруулахад “Нийслэлийн Газар зохион байгуулалтын болон дүүргүүд дэх албаны ажилтнуудтай холбоотой нэг бус хэрэг шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ.    

Уг нь иргэдээс гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэж, хариуг нь өгөх хуультай. Гэтэл Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны I, II хэсгийнхэн хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй маш олон өргөдөл, хүсэлтийг дарагдуулж байж.

Газар зохион байгуулагч нар танил талынхаа хүсэлтийг  удахгүй шийдвэрлэдэг атлаа хуулийн дагуу хөөцөлдөж буй хүмүүсийнхийг дарагдуулсан байх магадлалтай гэнэ. Түүгээр ч зогсохгүй тус албаныхан иргэдийн газар хүссэн өргөдлийг цахим бүртгэлд өөрчлөн, танил талынхаа нэрийг оруулж газар олгосон байж болзошгүй үйлдэлд холбогдоод байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn