Бүлэг этгээд компанийн захирлыг айлган сүрдүүлж, заналхийлэн 10 сая төгрөг авчээ

Онц ноцтой гэмт хэргийн талаарх прокурорын зөвшөөрөгдсөн хэмжээнд Цагдаагийн Ерөнхий Газар-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Гэмт хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр танилцуулсан.

Тэрбээр “Урд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан эрүүгийн нөлөө бүхий этгээд болох Учка хочит Н.Мөнх-Учрал, хуруугүй хочит Х.Оюунболд, Гураа хочит З.Гурвансайхан, Зана хочит Занабазар нар бүлэглэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нэр бүхий иргэний тээврийн хэрэгслийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан, айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогчийн “Lexus 570” маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар авсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Шалгалтаар тухайн этгээдүүдийн гэр болон тээврийн хэрэгслээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй 20 см урттай хийн гар буу, хутга зэргийг хураан авсан бөгөөд Учка хочит Мөнх-Учрал нь 2002-2022 онуудад Эрүүгийн хуулийн:

  • 123.3 /Хулгайлах/,
  • 126.1 /Хүчиндэх/,
  • 147.2, 148.1 /Залилан мэхлэх/,
  • 149.1 /Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх/,
  • 181.2 /Танхайрах/, 261.1 /Оргон зайлах/,
  • 98.1 /Хүнд гэмтэл учруулах/,
  • 20.16 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/,
  • 2.1, 20.7 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, зэрэг ялаар шийтгэгдэж байсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авах, тээвэрлэх, хадгалах үндэслэлээр удаа дараа цагдаагийн байгууллагад шалгагдаж, ял эдэлж байсан бөгөөд тогтмол биедээ зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл авч явдаг этгээд юм” хэмээн ярив.

Мөн “Амраа хочит Амартүвшин нь урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан 30 орчим этгээдтэй бүлэглэн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах компанийн захирлыг айлган сүрдүүлж, заналхийлэн 10 сая төгрөг шилжүүлэн авсан гэх хэргийг мөрдөн шалгаж байна.

Хэнтий аймгийн Батноров суманд үйл ажиллагаа явуулдаг жоншны нөөц бүхий газрыг өмнө нь удаа дараа ял эдэлж байсан Эрдэнэбулганы бүлгийн дөрвөн этгээд өөрсдийн мэдэлд авах зорилгоор Нөхөрлөлийн дарга ажилтай “М”-ыг айлган сүрдүүлж заналхийлсэн зэрэг гэмт үйлдлүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хоёрдугаарт, урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан Баттулга нарын гурван этгээд нь 2022 оны долдугаар сараас эхлэн “MGM.Casino” гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж, бусдын банкны дансыг ашиглан, бооцооны мөнгө авч, хууль бус орлогоо нуун дарагдуулан иргэдэд 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн:

  • 20.17 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/,
  • 18.6 /Мөнгө угаах/ зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Иймд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэдийн талаарх мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албаны 262425 дугаар утсаар болон биечлэн өргөдөл, гомдол гаргасан тохиолдолд цагдаагийн байгууллагаас нууцлал, аюулгүй байдлыг ханган шалгах болно” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn