Гурван гишүүнийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-ын чуулганаар нууц санал хураалтаар шийднэ

2023-03-30

АТГ нүүрсний гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг яллагдагчаар татаж, ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн.

Дэгийн дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо уг асуудлыг өчигдөр хэлэлцээд Ерөнхий прокурорын саналыг хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан билээ. Уг шийдвэрийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэх зорилгоор УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах нь зүйтэй гэж үзээд байна.

Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны мэдээллийг хурлаар сонссон. Бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үүсээд буй нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлж, чиглэл өглөө. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах нь зүйтэй талаар намын даргын хувьд байр сууриа илэрхийлсэн.

Бүлгийн гишүүд Халдашгүй байдлын дэд хорооны саналыг дэмжих шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг бүлэг дэмжсэн. Хуралдаанд 61 гишүүнээс 46 гишүүн оролцсон. Оролцсон гишүүдийн дийлэнх нь Халдашгүй байдлын дэд хорооны саналыг бүрэн дэмжлээ. Манай бүлгийн хоёр гишүүн хуралд оролцож байр сууриа илэрхийлсэн” гэсэн.

Ингээд өчигдөр үдэш Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, тус асуудлыг хэлэлцсэн. Харин өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хаалттай танилцуулж, нууцаар санал хураалт явуулж түдгэлзүүлэх эсэхийг нь шийдэх юм. 

Холбоотой мэдээ