Б.Баярсайхан: Улсын төсвөөр бүх хүүхдэд шүгэл тараана гэсэн зүйл байхгүй

2023-03-24

УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн тэргүүн Б.Баярсайхан “Шүгэл” төслийн талаар мэдээлэл өгчээ. Тус төслийг Баянзүрх дүүргээс НҮБ-ын Хүүхдийн санд төсөл бичин эхний ээлжийн санхүүжилтыг авч чаджээ. Харин цаашид улсын төсвөөр хүүхдүүдэд шүгэл тараах асуудал яригдаагүй гэдгийг тэрбээр хэлэв.

Тэрбээр “Хүүхэд хамгааллын төлөө нэг хүн ч гэсэн нэг асуудал шийдэх гээд ажил санаачлаад явж байгаад нь бид дэмжээд талархах ёстой.

Амандаа шүгэл хийсэн чинь тэр нь дуугарсангүй гээд шүүмжлээд байна. Хүн болгонд шүгэл байгаа. Тэр нь заавал биет шүгэл биш. Хүүхдийн төлөө хүн чанар, ёс жудаг чинь гардаг болмоор байна.

Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн хувьд өсвөр насны хүүхдийн гар утсан дээр аппликейшн суулгая, эцэг эхдээ аврах хурдан дуудлага хийдэг шийдлийг олохоор ажиллаж байна.

Улс даяар шүгэл тараана гэсэн төсөв батлагдахгүй. НҮБ-ын Хүүхдийн санд БЗД-ээс төсөв бичээд хамгийн анхны санхүүжилтаа авсан. Цаашид шүгэл авах мөнгө байхгүй. Японы ЭСЯ, ЖАЙКА байгууллагатай уулзаж хүүхэд хамгаалах хэрэгсэл, аппликейшн дээр туслаач гэж уулзана.
Хүүхдээ гэртээ хайрлаж чадахгүй байж сошиал нээхээр манай монголд бүгд цэцэн мэргэн хүмүүс байна. Бид нар тийм биш байгаа нь хүүхдийн хүчирхийлэгдэж байгаа байдал, хүүхдийн нас баралт өөрсдөө хэлж өгөөд байна. Монголчууд хүүхдүүдээ хайхрахгүй байна гэдэг нь гарч байгаа кэйсээс харагдаад байна” гэлээ.

Холбоотой мэдээ