Шуугиан: Пап II Иоанн Павел агсаныг педофил лам нарыг нуудаг байсан хэрэгт буруутгагджээ

2023-03-24

2023 оны аравдугаар сард Польш улсад парламентын сонгууль болно. Консерватив эрх баригч “Хууль ба шударга ёс” (PiS) нам тус улсад нэр хүндээ алдаж байгаа бөгөөд Польшийн Сеймийн шинэ бүрэлдэхүүнд олонхийн байр сууриа алдаж магадгүй болжээ. PiS нь католик шашны уламжлалыг үргэлж үнэлсээр ирсэн бөгөөд үүний ачаар ялангуяа жижиг хотууд болон хөдөө орон нутгийн олон тооны сүм хийдийн идэвхтэй гишүүдийн саналыг авах баталгаатай байдаг аж.

Ромын пап лам болж, 2005 онд нас барах хүртлээ зууны дөрөвний нэгд Иоанн Павел нэрээр ариун сэнтийд заларсан поляк Карол Войтила намынхаа бэлгэ тэмдэг болсон нь санамсаргүй хэрэг биш юм. Өнөөгийн Польшид түүнийг өнгөрсөн зууны 80-аад онд эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг дэмжиж социалист тогтолцоог задлахад оруулсан хувь нэмрийг нь онцгойлон хүндэтгэдэг.

Warner Bros Discovery Inc.-ийн хараат бус TVN телевизээр талийгаач пап ламыг хүүхэд хүчиндсэн хэрэгт сэжиглэгдсэн тахилч нартай харилцаатай байсныг харуулсан баримтат кино цацжээ. Түүнийг төрөлх Краков хотдоо кардинал хэвээр байхдаа педофилийн хэргээр ял шийтгүүлсэн санваартнуудыг нуун дарагдуулж, өөр сүм хийдэд шилжүүлж байсан гэж үздэг.

Варшав үүнд ихэд эгдүүцэн киног гүтгэлэг хэмээн нэрлэж, сөрөг хүчнийг Польшийн нийгэмд үл ойлголцол, хурцадмал байдал үүсгэх зорилготой эрлийз дайн хийсэн гэж буруутгаж, эцэст нь Польш дахь АНУ-ын Элчин сайд Марк Бжезинскиг (дашрамд хэлэхэд, Збигнев Бжезинскийн хүү) дуудсан. Вашингтон энэ үйл явдлын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Энэ дуулиан нь Польшуудын дунд хоёрдмол утгатай хариу үйлдэл үзүүлжээ. Америкийн Politiko хэвлэлийн газрын мэдээлснээр тэрээр “Хууль ба Шударга ёс” намын эгнээнд хамтын уналтыг өдөөсөн гэжээ. Гэвч нөгөө талаар санал асуулгаас харахад тус улсад II Ион Павелыг дэмжигчид 60-аас 65 хувь болж өссөн байна. Засгийн газар болон түүнтэй холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Польшийн пап лам”-ыг хамгаалах томоохон кампанит ажил эхлүүлээд байна. Варшав дахь ерөнхийлөгчийн ордны фасад дээр пап ламын аварга том дүрсийг байрлуулсан байна. Мөн олон нийтийн телевиз өмнөх сургаалыг нь дамжуулдаг болжээ.

Харин сөрөг хүчнийхэн эрх баригч намыг хоёр нүүр гаргасан гэж буруутгасан аж. Иргэний платформын гишүүн Павел Коваль парламент дахь мэтгэлцээний үеэр “Та Иоанн Павел II-г өмгөөлөхийг хүсэхгүй байна, харин түүнд PiS гарын үсэг зурахыг хүсч байна!” гэжээ.

TVN телевизийн хэвлэлийн төлөөлөгч Польшийн талын буруутгасны хариуд “Чөлөөт, найдвартай хэвлэл мэдээллийн үүрэг бол бодит үнэнийг гашуун бөгөөд хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан ч мэдээлэх явдал юм” гэжээ. Кино бүтээгчид социализмын үеийн архивын материалд тулгуурлаад зогсохгүй, санваартны хүчирхийлэлд өртсөн хүмүүстэй холбогдсоныг тэрээр онцолжээ

Эцэст нь одоогийн Ромын Пап лам Франциск өмнөх хүнээ хамгаалах гэж нэлээд болхи оролдсон байна. “Ямар нэгэн зүйлийг цаг тухайд нь байрлуулан үзэх хэрэгтэй… Тэр үед бүх зүйл нууц байсан” гэж Аргентины “La Nacion” сонинд ярьжээ.

Холбоотой мэдээ