Ч.Хүрэлбаатар: Ээлжит гүтгэлгийг Б.Энхбаяр тарааж сууна, үгээ олж бур

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар руу дахин хэрүүлийн алим шидлээ. Энэ удаа Засгийн газрын тусгай сан буюу Тариалан эрхлэлтийг дэмжих сантай холбоотой асуудлыг тэрбээр тухайн үеийн Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарт хаяглав.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтийн 50 хувийг манай нэг Хөдөлмөрийн баатар /Ч.Чинбат/ 14 компаниараа авсан байдаг. Тухайн үед Сангийн яам шалгаж байсан ч чимээгүй болсон. Энэ асуудал ил болоогүй” гэлээ.

Б.Энхбаяр гишүүний энэхүү асуудалд сайд Ч.Хүрэлбаатар нүүр хуудсаараа дамжуулан няцаалт хийлээ. Тэрбээр “Засгийн газрын тусгай сангуудад хийсэн шалгалт, түүний дотор Тариалан эрхлэлтийг дэмжих санд хийсэн шалгалтын дүнг нуун дарагдуулсан гээд ээлжит гүтгэлгийг Б.Энхбаяр тарааж сууна. Үгээ олж бурах хэрэгтэй. Тухайн үед Ерөнхий сайд үүрэг өгч хийлгэсэн шалгалтын дүнг олон нийтэд ил болгож байсан баримтыг оруулж байна” гээд олон нийтэд танилцуулж байсан баримтуудаа дахин сошиалд байрлууллаа.

Нийслэл хотод LRT тавиулахгүй гэж мэдэгдсэн Ч.Хүрэлбаатар сайдын эсрэг Б.Энхбаяр өнгөрсөн намар, өвлийн турш нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны зээл гээд асуудлуудыг чиглүүлж буй. Ийнхүү сошиалаар хоёр биенээ нүдсэн сайд, гишүүн хоёрын хэрүүл дахин эрчээ авч байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn