УИХ-ын эмэгтэй гишүүд хүүхдийн хүчирхийллийн эсрэг: Хүүхдүүдэд шүгэл тараана

2023-03-23

УИХ дахь Хүчирхийллэг эсрэг лобби бүлэг болон эмэгтэйчүүдийн бүлгээс хүүхэд хамгааллын талаар “Шүгэл” төсөл хэрэгжүүлж эхэлж буй талаараа мэдээллээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Энэ төслийг Баянзүрх дүүргээс хэрэгжүүлж эхэлж байгаа. Үүний хэрэгжилт дээр “Лантуун дохио” ТББ, сайн дурын төрийн бус байгууллагууд хамтран оролцож байна. Хүүхдийн хүчирхийллийн асуудал дээр хэдийгээр хууль эрх зүйн орчин байгаа, төсөл санхүүжилтийг нь олгоод байгаа ч өндөр хэвээр байна. Хүүхэд хүчирхийллээс гадна осол гэмтэлд өртөх, байгалийн гамшигт өртөх, үе тэнгийн дээрэлхэлт гээд маш их асуудал байна.

Ялангуяа захын хорооллуудад огт болохгүй байгаа тоон үзүүлэлтүүд гарч байна. Хамтарсан баг болон цагдаагаас хэлж буй зүйл нь хүүхэд хүчирхийлэлд өртсөний дараа очиж тусалдаг биш эсрэгээрээ урьдчилан мэдэж бие биедээ тусалдаг болмоор байна гэж хэлж байна.

Хүүхдүүдийн хувьд тусламж шаардлагатай үед хэрхэн яаж дуудахаа сайн мэддэггүй. 108 утас руу утасдах ёстой ч хүүхэд бүр утасгүй. Хоёрдугаарт сандсанаар үед утсаа аваад дуудлага өгөх гэж байтал хүчирхийлэлд өртөх, нохойнд хазуулж осол гэмтэлд өртөх магадлал маш өндөр байдаг.

Энэ бол дэлхий даяар байдаг жишиг. Хүүхэд хамгааллын шүгэл гэж нэрлэдэг. Хүүхдүүд ч биш эмэгтэйчүүд их авч явдаг.

Айж эмээсэн үедээ ялангуяа хүүхдүүд дуу нь гардаггүй. Хамгийн чухал зүйл бол хүүхдүүдийн тусламж дуудах номер нэг асуудал байна. УИХ хууль эрх зүйн орчинг сайжруулах асуудлыг хийнэ. Сүүлийн хэдэн жил хүүхэд хамгааллын асуудал, хурц асуудал болсон. Үүн дээр олон улсын туршлагыг нэвтрүүлэх нь зүйтэй.

Шүгэл үлээхэд дайрч байгаа хүн нь цочдог, хүүхдэд зугтах боломжийг олгодог.

УИХ дахь Хүчирхийллэг эсрэг лобби бүлгийн дарга Б.Баярсайхан:

Энэ нь бүрэн шийдэл болж чадахгүй ч сандарч тэвдсэн үед шүгэл нь хамгийн амарханаар тусламж дуудах хэлбэр гэж үзэж байгаа. Шүгэл төслийг цаашид өргөжүүлж, өсвөр насны хүүхдүүдийн утсанд аппликейшн суулгах зэргээр судалж байна. Томчууд шүглийн дууг сонссон үедээ хүүхдэд тусламжийг бодитойгоор тусалж чадах эсэх нь томчууд бидний үүрэг болж байна. Цаашид Хүүхэд хамгааллын хууль, Гэр бүлийн тухай хуулийг чангаруулж, УИХ-д өргөн барих болно.

Холбоотой мэдээ