С.Гомбобаатар: Цахим гадаад паспорт дээрх шувуу, шонхор, харцагын “эрлийз” бодгалийн шинж бүхий алдаатай зураг болжээ

Манай улсын иргэд энэ сараас эхлэн хоёр төрлийн үндэсний энгийн паспортын шинэ загвар болон цахим гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлсэн. Гэтэл энэ цахим гадаад паспорт дээр дүрсэлсэн шувууны зурагтай холбоотой шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөсөөр байна.
Уг паспорт дээр Монголчуудын бахархалт шувуу болох “Шонхор шувуу”-г дүрсэлсэн гэх. Гэвч тэр нь шонхор гэхээсээ харцага шувууны шинж давамгайлсан “Эрлийз” шувууны дүрс болсон аж.

Энэ тухай МУИС-ийн багш, доктор, профессор, шувуу судлаач С.Гомбобаатар өөрийн нүүр номондоо шүүмжлэн бичжээ.

Тэрбээр “Монгол хүнийг гадаад болон дотоодод төлөөлөх цөөн хэдэн баримтын нэг бол гадаад паспорт мөн. Үүнд ямар нэгэн алдаа мадаг байх ёсгүйг бид анхаарах нь зүйтэй. Шинээр гарсан гадаад паспортын арын хуудас дээр махчин шувууны зургийг дүрслэн үзүүлжээ.

Өнөөдрийн бидний өвөг дээдсийн бахархал болсон хурмастын амьтан жигүүртний бэлгэдэл байх нь зүйтэй гэж хувь хүний хувьд боддог. Ямар ч шувуу байсан яадаг юм гэж бодох хүмүүс байж магад.

Гадаад паспортын арын хуудас дээрх махчин шувууны дүрслэлийн хувьд мэргэжлийн хүний хувьд хэдэн зүйл хэлье.

Гадаад ерөнхий төрх, нүцгэн шилбэний урт, залуур өдний хөндлөн судал, нурууны судал, толбо, далавч болон сүүлний харьцаа, хошууны хэлбэр буюу хошуундаа шүдлэггүй, сүүлний доод даруул зэргийг харгалзвал харцага юм.

Гэтэл шонхорт голчлон илэрдэг сахал өдийг нүднээс доош унжуулан зурсан нь бүр ойлгомжгүй болгов. Тэгэхээр шонхор, харцагын “эрлийз” бодгалийн шинж бүхий зураг болжээ. Гүеэ, цээжний дээд хэсгийн шулуун судал, цээжний болон хэвлийн хөндлөн судлыг харгалзвал энэ нь залуу шувуу ажээ.

Миний бие Зүүн Өмнөд Азийн махчин шувууны номыг 20 гаруй орны эрдэмтэдтэй хамтран гаргасан хүний хувьд Зүүн Өмнөд Азид байдаг харцагуудыг гадарлана. Согсоот харцагa (Accipiter trivirgatius)-ын ерөнхий шинж байгаа ч хоолой доор байдаг бараан судалгүй юм. Нангиад харцага (Accipiter soloensis), Бэсрэг харцага (A.virgatus)-тай ч дүйхээргүй болжээ.

Хамгийн ойртож очих нь манай орны морин (A.nisus) болон үлэг (A.gentilis) харцага бөгөөд толгойн дүрслэл, цээжний судал үнэндээ энэ хоёр руу бас л дөтлөхгүй болсон. Иймээс энэ шувууны зүйлийн нэр, нас, хүйсийг шувуу хальт гадарладаг хүний хувьд би лав хэлж мэдэхгүй. Шувууны зүйл, нас, хүйсний шинжийг гаргаагүй дүрслэлийн алдаатай зураг болжээ гэж дүгнэхээр байна.

Энэ бүлгийн шувууд хад цохио дээр суух нь тун ховор. Зөвхөн нүүдлийн үедээ эцэж, ядарсан шувууд л сууж буй нь үзэгдэнэ. Иймээс сууж буй объект нь ч бодит амьдралаас хол юм шиг санагдлаа. Иймээс энэ дүрслэлийг бид паспорт дээрээ тавих “хэрэггүй” байх. Ийм энгийн зүйлийг зөвлөж чадахгүй шувуу судлаачидтай байна уу гэдэг асуулт гарах байх. Зарим мэргэжлийн хүмүүс зөвлөсөн байлгүй.

Бид үндэсний бахархалт шувуугаа паспорт дээрээ оруулах нь Монгол төрийн бэлгэдэл тэнд орших, бас байгаль хамгааллын бэлгэдлийг ч бодсон, нөгөө талаас түүхээ эргэцүүлсэн тухай үзэл санаа, үзэл баримтлал байх болов уу” хэмээжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn