Ши Жиньпин Оростой харилцаагаа бэхжүүлэх нь Хятад улсын стратегийн сонголт гэжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ Москватай харилцаагаа бэхжүүлэх нь Бээжингийн стратегийн сонголт гэжээ. Энэ тухай хоёр удирдагчийн албан бус уулзалтын дараа Хятадын ГХЯ-наас мэдээллээ.

Ши Жиньпин “Хятад Оросын харилцааг бэхжүүлж, хөгжүүлэх нь Хятадын өөрийн үндсэн ашиг сонирхол, дэлхий дахинд ноёрхож буй чиг хандлагад тулгуурласан стратегийн сонголт юм” гэжээ.

Бээжин Москватай ийм стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлийг тууштай баримталж байна гэж БНХАУ-ын дарга нэмж хэлсэн байна.

Хятадын ГХЯ Путин, Ши нар “Украины асуудлаар гүнзгий санал бодлоо солилцсон” гэж мэдэгджээ. Ши Жиньпин ихэнх улс орнууд энхийн хэлэлцээг дэмжиж “гал дээр тос асгахгүй” гэж онцолжээ.

“Украйны асуудлыг улс төрийн аргаар зохицуулахад Хятад улс бүтээлч үүрэг гүйцэтгэсээр байх болно” гэдгээ Хятадын тэргүүн батлан хэлжээ.

3-р сарын 20-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д гурван өдрийн төрийн айлчлал хийхээр очсон билээ. Хятадын тэргүүний хэлснээр, түүний Москвад хийх айлчлал нь хоёр орны харилцааны хөгжилд шинэ түлхэц өгнө.

Хариуд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос, Хятадын харилцан үйлчлэл нь дэлхийн олон туйлт, түүний үндсэн зарчмуудыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Эхний өдөр Путин, Ши Жиньпин нарын албан бус яриа хэлэлцээ дөрвөн цаг хагас үргэлжилсэн байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn