1. Настай ээжийн минь эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Энэ нь хувь хүний эрүүл мэнд, зовлон жаргалтай холбоотой асуудал учраас олон нийтэд дэлгэрэнгүй тайлбарлах боломжгүй бөгөөд ээжээс төрсөн хүн бүр ойлгоно хэмээн итгэж байна.
2. Сүүлийн жилүүдэд намайг концесс, нүүрс, казинотой холбож үнэтэй цаг, машинтай гэх мэтчилэн олон асуудалд хилсээр нэр холбож хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттай гүтгэн харлуулах ажлыг санаатайгаар явууллаа. Миний бие ямар ч хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ удаа дараа хэвлэлээр тайлбарлаж байсан боловч буруутан гэмтэн мэт сэтгэгдэл нийгмийн зарим хэсэгт үлджээ. Тиймээс эдгээр асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас намайг шалгах шаардлагатай бол би УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдлын ард нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээрээ илэрхийлж байгаа болно.
Монгол төрийг хариуцлагатай, шударга, зарчимтай, ёс зүйтэй байх ёстой хэмээн шаардаж буй нийгэм, олон нийт, залуучуудынхаа шаардлагыг энэхүү үйлдлээрээ дэмжиж байна. Надад итгэлээ өгч дэмжин хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгосон Архангайчууддаа болон төрийн сайд, төрийн түшээгээр ажиллах хугацаанд зөвийг минь дэмжиж, бурууг шүүмжилж байсан монголынхоо нийт иргэдэд чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлж, мэхийн ёслоё. Миний энэхүү хүсэлтийг холбогдох хууль журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье
Хүсэлт гаргасан: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат”.
Ийнхүү УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсонг ишүүдийн 75 хувийн саналаар дэмжигдлээ. Санал хураалтын дүнгийн дагуу тогтоолын төсөл бэлдэж УИХ-ын чуулганд Н.Энхболд танилцуулахаар тогтлоо.