
Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан усны Хүннүгийн язгууртны дурсгалт газарт явуулсан археологийн судалгаа 2022 оны Монголын археологийн шилдэг судалгаагаар тодорсон билээ. Уг судалгааны багийн удирдагч ШУТИС-ийн багш, археологич, доктор Д.Хатанбаатартай ярилцлаа.
-Та бүхний нээн илрүүлж, судалсан судалгааны үнэ цэнэ юу вэ?
-Өнгөрсөн жил Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан усны Хүннүгийн язгууртны дурсгалт газар археологийн анхны малтлага судалгаа амжилттай хийгдэж дууссан. Анхны малтлага явуулсны дүнд хэд хэдэн урьдчилсан дүгнэлтийг хийх бололцоотой болоод байна. Эдгээр дүгнэлт уг судалгааны ажлын үнэ цэнийг тодорхойлох болов уу. Юуны өмнө Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор Хангайн нурууны баруун урд буюу Завхан аймгийн нутгаас олдсоноороо онцлог. Өмнө нь археологчдийн дунд Хангайн нурууны баруун хэсэгт Хүннүгийн язгууртны булш байх ёстой гэсэн таамаг байсан ч олж, илрүүлээгүй өнөөг хүрсэн. Одоо манай улсын хэмжээнд Гол мод, Ноён уул, Дуурлиг нарс гэх мэт нийт 9 язгууртны дурсгалт газрыг нээн илрүүлээд байсан бол Ямаан усны дурсгал бүртгэгдсэнээр 10 дахь дурсгалт газарт албан ёсоор тооцогдож байна.
Өнгөрсөн жил Ямаан усанд хийсэн малтлагаар сүйх тэрэгний болон адуу малын тоног хэрэгсэл, зүмбэрлэж хийсэн модон тэвш, алтан шармал хүрэл морины дүрст чимэглэлүүд, хаш чулуун эдлэл, шилэн эдлэлийн хэсгүүд, авсны ялтсан чимэглэл зэрэг зүйл Ямаан уснаас олдсон нь судалгааны өндөр ач холбогдолтой.
Мөн суварга хэлбэрийн модон эдлэл, утлагын хүрэл сав зэрэг нь Монголд анх удаа илэрч олдож байгаагаараа онцлог. Дээрх олдворуудын харьцуулсан судалгааны үр дүн тун удахгүй хэвлэгдэж тодорхой болно. Одоогоор тус утлагын сав нь Баруун Хань улсын үед хийгдсэн ба өндөр түвшний язгууртууд хэрэглэдэг, цор ганц хувь хийгддэг эдлэл болох нь тодорхой болоод байна.
Дагуул 3 булшинд бүгдэд нь хүн дагалдуулсан байсан. Нэг дагуул булшинд нас барагчийг түрүүлгэ нь харуулан оршуулсан байсан нь сонирхолтой.
Үндсэн булшны нас барагч нь 20 хүрэхгүй насны эмэгтэй хүн болох нь судалгаагаар тогтоогдоод байгаа. Түүнд дагалдуулсан булшнуудаас мөн гол төлөв нас залуу эмэгтэй хүний яс олдсон. Хамгийн чухал нь антропологийн судалгаагаар дээрх хүний ясны олдворуудыг Монголжуу төрхтөн болохыг тодорхойлсон явдал. Хүний ясны судалгааг бидний багш нар ШУ-ны доктор, профессор Д.Түмэн, М.Эрдэнэ нар хийж гүйцэтгэсэн. Дэлхийд нэртэй эрдэмтэд шүү дээ.
–Анх Ямаан усанд ийм дурсгалууд байгааг яаж мэдсэн бэ?
-Манай багийн судлаач Ж.Мөнхдэлгэр Завхан аймгийн уугуул. Тэрбээр нутагтаа ажиллаж явахдаа тухайн дурсгалуудыг анх олж мэдээлсэн. Сонирхолтой нь орон нутгийн төв зам дурсгалт газрын дундуур дайран өнгөрдөг ч Хүннүгийн язгууртны дурсгал болохыг нь хэн ч таньж мэдээгүй. “Ямаан ус”-ны рашаанд олон хүн очдог ч хэн нь ч анзаараагүй өдийг хүрсэн байсан. Мэргэжлийн археологич урьд өмнө очиж байгаагүй гэсэн үг л дээ. Өдийг хүртэл олдоогүй, бүртгэгдээгүй байгаад, сая олдсон нь их хувь ерөөл гэж археологич хүний хувьд бодож явдаг. Бид тус бүс нутагт шинээр Хүннүгийн язгууртны цогцолбор дурсгалыг тогтоож, малтлага судалгааг явуулж байгаадаа туйлын баяртай байгаа.
2021 оны намар ШУТИС-ийн археологийн баг Ямаан усны дурсгалт газарт 2 удаа очин ажиллаж, шинээр тэмдэглэн дэвсгэр зургийг үйлдэж, “Монголын археологи-2021” нэгдсэн хуралд анх удаа танилцуулснаар шинжлэх ухааны эргэлтэнд орж эхэлсэн.
“Ямаан ус”-нь Завхан аймгийн Улиастай хотын төвөөс 50 орчим км, Алдархаан сумын төвөөс 32 км зайтай оршдог, нутгийн иргэдийн шүтээн газруудын нэг. Хажууханд нь алдарт Явуухулан гуайн “Тэхийн зогсоол” шүлгээ бичиж байсан Хүүшийн өвөлжөө бий. Бид Тэхийн зогсоолд 100 шахуу булш бүртгэсэн. Ер нь Ямаан ус, Өгөөмөр, Тэхийн зогсоол, Улаан овоо зэрэг газрууд нь 20 орчим км тойрогт багтдаг. Эдгээр газруудаас бид том бага хэмжээтэй 400 орчим Хүннүгийн үед холбогдох булш бүртгээд байгаа. Энэ нь судалгааны асар их ирээдүй байна гэсэн үг.
Бид Ямаан усанд нийт 154 булш бүртгэсэн. Үүний 40 гаруй нь Хүннүгийн Язгууртны төрөлд хамаарагдана. Булшны тоо, дурсгалын хэмжээний хувьд Монголд байх Хүннүгийн язгууртны дурсгалууд дотор харьцангуй дээгүүр тооцогдоно.
–Иймэрхүү булш гаднаас нь харахад ямархуу харагддаг талаар яривал уншигчдад сонин байх болов уу?
-Хүннүгийн язгууртны булш дөрвөлжин хэлбэрийн чулуун далантай, урагш чиглэсэн үүдэвч бүхий үндсэн зохион байгуулалттай байдаг. Ямаан усны 61-р булш ч ийм зохион байгуулалттай байсан. Мөн зүүн талдаа гурван дагуул булштай. Хойд талдаа хос хосоор зэрэгцүүлэн өрсөн нийт 6 тооны чулуун зураатай.
Анх үүдэвчтэй, цагариг хэлбэрийн чулуун байгууламж мэт харагдах байсан ч үндсэн бүтэц малтлагын хоёрдугаар үед тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, тухайн дурсгалыг тонох явцад баруун болон зүүн хана эвдэгдэж, дурсгалаас гарсан чулууд хоёр хажуу тийш шидэгдсэнээс цагариг хэлбэртэй болсон байсан. Угтаа бол Хүннүгийн Язгууртны булшны үндсэн бүтэц болох үүдэвчтэй дөрвөлжин хэлбэртэй булш. Тонуулын явцад баруун болон зүүн хананы өрлөг чулууд эвдэгдэж, чулуунууд тарснаас цагариг хэлбэртэй болсон байсан.
–Хүннүгийн язгууртны булшнууд 20 гаруй метр хүртэл гүн байдгийг тогтоосон байдаг. Та бүхний малтсан булшны гүн хэд байв?
-Манай улсын хэмжээнд одоогийн байдлаар 30 гаруй Хүннүгийн язгууртны булш малтан судлаад байна. Энэ үеийн язгууртны булш нь асар их, бүр асар их шүү. Цаг хугацаа, хүн хүч, хөдөлмөр, нягт зохион байгуулалт, тооцоолол гаргаж хийгддэг нүсэр бүтээн байгуулалт байдаг. Тийм учир 1 дурсгалыг малтан судлахад мөн төдий хэмжээний цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүн хүч шаардагддаг. 1 дурсгалыг 10 жил малтаж байж дуусгасан жишээ бий. Одоогийн байдлаар Гол модны дурсгалт газар малтсан булш 20 гаруй метрийн гүнтэй байсан нь хамгийн гүнд тооцогдож байгаа. Булшны гадаад хэмжээ хэдий том байна. Тэр хэмжээгээр илүү гүн байдаг нь судалгаагаар тогтоогдсон.
Бидний хувьд 2 сарын хугацаанд үр дүн гаргах шаардлагатай байсан тул өнгөрсөн жил жижгэвтэр булш сонгон малтсан. Булшны малтлага нийт 8 үе, 7.5 метр гүн үргэлжилсэн. Бүгдийг гар аргаар хийдэг болохоор цаг хугацаа, хөдөлмөр их шаардагддаг. Чулуу шороог хувин болон жижиг тэргээр зөөвөрлөн талбайгаас гаргаж цэвэрлэсэн. Сүүлийн үед томоохон булш малтаж байгаа экспедицүүд тусгай техник ашиглах болсон.
-Булшнаас яг ямар олдворууд олдсон бэ?
-Малтлагын явцад нүхний төв хэсгээс авсны төмөр даруулга, чимэглэл, модон эдлэлийн хэсгүүд, шавар савны хагархай, бугын эвэр зэрэг зүйлс илэрч эхэлсэн. Тэрэгний модон тэвш 1 метрийн гүнд илэрсэн. Тэвшийг олон өнгийн тод өнгөөр будаж, зүмбэрлэсэн, үүлэн хээ тод харагдаж байсан. 6.8 метрийн гүнээс бунхны таг илэрсэн. Бунхан дотроо модон австай. Авсыг улаан өнгийн чий будгаар бүхэлд нь будсан, нарийн даруулга төмрөөр ханан хээ үүсгэн битүү ороож, тэдгээрийн гол хэсэгт дөрвөн дэлбээт алтан чимэглэлээр чимсэн байсан. Авсны гадна талд суран бэхэлгээ бүхий хүрэл бариул байршуулсан. Авсны цээжин хэсэгт наран чимэглэл хадсан байсан. Өмнө нь манай археологийн шинжлэх ухаанд Хүннүгийн модон авсыг энэ мэт бараг бүтнээр нь олж байгаагүй. Авсны хөл талын хэсгээс бусад нь бараг бүтэн байсан тул бид бүрэн зураглал хийх бололцоотой болсон. Энэ бол судалгааны томоохон амжилт.
Тонуулчид авсны тагны хөл хэсгийг эвдэж орсноос гадна цээжин хэсэгт нь гар оруулах хэмжээтэй цөмлөж, эд зүйлсийг тоносон байсан.
Булшинд сүйх тэрэгнээс гадна 3-4 төрлийн шавар сав, 6-7 төрлийн хүрэл сав суулга дагалдуулж хийсэн байсан. Гэхдээ нас барагчийн хойд насанд зориулж буй тул бүгдийг нь хагалж, эвдэж хийсэн байсан. Бид 2 шавар савыг эвлүүлж чадсан. Одоо 3 сарын 24-нд ШУТИС-ийн Музей дээр нээгдэх үзэсгэлэнд дэлгэгдэнэ.
-Тонуулчдын гарт өртсөний улмаас алга болсон зүйлсийг таамаглах боломжтой юу?
-Тонуулчид булшийг бүхэлд нь эвдсэнээс анхны байрлалдаа үлдсэн эд зүйлс цөөхөн байна. Булшийг тоносон этгээдүүд авсны хөл хэсгээр шурган орж эд зүйлсийг авсан, мөн модон хашлага, авс хоорондын зайгаар мөлхөн авсны толгой хэсэгт очиж, тагийг цоолон, түүгээр гараа шургуулж үлдсэн зүйлсийг тоносон бололтой. Авс, хашлага хоорондоос хурц зүйлээр тас цавчсан модон шургаагийн хэсэг олноор олдсон нь үүнтэй холбоотой хэмээн таамаглаж байгаа.
Банзан авсны бүх хэсгүүдийг хооронд нь “Эрвээхий” түгжээ хэмээн нэрлэгддэг шаантаглах аргаар холбосон байсан.
Гэхдээ бид их азтай. Авс болон модон хашлаганы толгой талын буланд байршлуулсан эд зүйлсэд тонуулчид хүрч чадаагүй байсан. Тэндээс модон царан дээр суурилуулсан суварга мэт модон эдлэл, түүний хажууд хүрлээр хийсэн утлагын сав зэрэг шилдэг олдворууд олдсон.
-Жирийн иргэний булш Язгууртны булшнаас ямар ялгаатай вэ?
-Гадаад болон дотоод бүтцийн хувьд эрс ялгаатай. Хүннүгийн жирийн иргэдийн булш цагариг хэлбэртэй, олноороо бүлэглэж байрладаг. Бидний малтсан Ямаан усны жирийн иргэдийн булш ч үүнтэй адил. Харамсалтай нь эрт цагт тоногдож бүрэн сүйтгэгдсэн байсан. Гэхдээ янз бүрийн түвшнээс модон авсны дөрвөн талт цэцгэн төмөр чимэглэлүүд, авсны төмөр бүслүүрийн хугархай хэсгүүд илэрч олдсон. Энэ булшнаас олдсон хагас ухмал модон авс бүтцийн хувьд сонирхолтой. Шалыг бүхэлд нь бургасаар зулсан болох нь тогтоогдсон.
-Та бүхний утлагын сав хэмээн нэрлэж буй хүрэл сав одоогоор Монгол улсад ганц гэсэн. Ижил төстэй дурсгал хөрш улс орнуудад олон байдаг уу?
-Он цагийн хувьд Баруун Хань улсын үед холбогдох нь тодорхой байгаа. Олон улсад Boshanlu, Mountain Censer, Hill Censer гэх нэрээр алдартай. Уулсын оргил гэж орчуулагдмаар юм уу. Маш нарийн цутгамал хийцтэй. Далай тэнгис дундаас цухуйж буй уулсыг санагдуулам хийцтэй. Бидний илрүүлсэн утлагын саванд гөрөөс, араатан, мод, ургамал зэргийг мөн дүрсэлсэн байсан. Зөвхөн хаад ихэс дээдэс, түүний ойр удмын хүмүүсийн булшнаас олдож байсан маш үнэ цэнэтэй олдвор. Мөн цор ганц хувь хийгддэг онцлогтой. Тэгэхээр Ямаан усны тэрхүү гүнжид зориулж тусгайлан хийсэн эд зүйл болов уу гэж таамаглаж байгаа. Металл эдлэлийн судалгааны хариу гарахаар тодорхой болох болов уу гэж найдаж байна. Энэ төрлийн хамгийн эртний савнууд нь Хан улсын алдарт эзэн хаан Вугийн төрсөн ах Лю Шэн зэрэг эзэн хааны гэр бүлийн булшнаас их төлөв олдсон байдаг.
-Хээрийн судалгааны ажлыг явуулахад хүн хүч, цаг хугацаанаас гадна санхүүжилт ихээр шаардагддаг. Эдгээр асуудлуудыг хэрхэн шийдвэрлэв?
-Дурсгалт газрыг судалгааны эргэлтэд оруулахад санхүүжилт маш чухал. Бид Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагт энэхүү дурсгалт газрын тухай танилцуулж, малтлага судалгаа хийхэд санхүүжилт олгохыг хүссэн. Ц.Цэрэнпунцаг гишүүн бидний хүсэлтийг найрсаг хүлээн авсанд бид маш талархалтай байгаа. Мөн Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Алдархаан сумынхан их тусалсан. Хээрийн малтлага судалгааг “Огторгуйн цагаан гарьд сан”, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас санхүүжүүлэн ажилласан. Мөн судалгааны явцад үнэтэй зөвлөгөө өгч, санал солилцсон УБИС-ийн багш Э.Мижиддорж, Б.Галбадрах нар болон хамтран ажилласан ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Алдархаан сумын Засаг даргын Тамгын газарт талархал илэрхийлье. Мөн Улаанбаатарын Их Сургуулийн археологийн ангийн оюутан, төгсөгчид, Ховд их сургуулийн оюутнууд, Завхан аймаг болон Алдархаан сумын төлөөлөл нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Бид өөрсдийн хүчээр Ямаан усны дурсгалт газарт судалгаа явуулахыг хичээж зорьсондоо хүрсэн.
Ер нь манайд хийгдэж байгаа археологийн судалгааг гадны улс орнуудтай хамтарч хийх нь түгээмэл байдаг. Үндэсний гэх тодотголтой экспедици тун ховор. Харин бид анхны малтлага ажлыг дотоодын хүчээр хийхийг зорьсон. Тиймээс өнгөрсөн жилийн судалгаанд МУИС, ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, МҮМузей зэрэг олон байгууллагын чиглэл чиглэлийн олон эрдэмтэд оролцон ажилласан. Монголчууд дангаараа энэ хэмжээний том судалгааг явуулах боломжтой гэдгийг харуулсан ажил боллоо гэж бодож байгаа.
-Сүүлийн үед булшнаас гарсан олдвор дурсгалуудад олон төрлийн судалгааг нарийвчлан хийдэг, сэргээн засах болсон. Ямаан усны олдворуудын судалгааг хэр хийж байна вэ?
-Малтлагаас илрүүлсэн зарим олдворын сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалт, лабораторийн нарийвчилсан шинжилгээний ажлууд ШУТИС-ийн БуХСургууль, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Соёлын өвийн органик бус эдлэлийн лабораторид болон Соёлын өвийн үндэсний төв зэрэг газруудад хийгдэж байгаа. Зарим дээжид үнэмлэхүй он цаг тогтоолгохоор Япон улсад илгээгээд байгаа. Үр дүн удахгүй гарна.
-Завхан аймгийн түүх, соёлын хөгжилд Та бүхэн үнэлж баршгүй том хувь нэмэр оруулж өгчээ. Орон нутгийнхан цаашид хэрхэн авч явах бол?
-Аймаг орон нутгийн зүгээс Ямаан усны булшийг ил музей хэлбэрээр үлдээж, цаашид аялал жуулчлалын түшиц газар болгохоор зорьж байгаа тул булшийг булалгүйгээр үлдээх санал гаргасан. Тиймээс хамгаалалтын хашаа барьж, тус аймгийн соёлын газрын зүгээс харуул хамгаалалтын асуудлыг шийдсэн. Энэ 2023 онд Завхан аймгийн 100 жилийн ой тохиож байгаа учир Ямаан усны булшнаас илэрсэн дурсгалуудаар баяр наадмын үеэр үзэсгэлэн дэглэж, аймгийн олон нийтэд танилцуулах шийдвэр гараад байгаа.
Мөн бидний судалгааны ажлыг үнэлж, багийн гишүүн Ж.Мөнхдэлгэрийг 2022 оны Завхан аймгийн Оны онцлох хүнээр тодруулсан нь аймаг орон нутгийн зүгээс оцнгой анхаарч байгаагийн илрэл гэж талархаж байгаа.
Энэхүү судалгаа хэдэн арван жилээр үргэлжлэх боломжтой. Түүх, археологи, угсаатан, шашин, соёлын болон байгалийн шинжлэлийн олон салбарын хамгийн шинэ арга зүйгээр хийхийг зорьж байна. Мөн энэхүү дурсгал бүхий Ямаан ус, зэргэлдээх Явуухулан найрагчийн шүлгэнд мөнхөрсөн Тэхийн зогсоол зэрэг газрууд Завхан аймаг дахь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын биологи, газар зүй, түүх, соёлын чиглэлээрх сургалтын нэгдсэн бааз, Хүннүгийн музей гэхчилэн аялал жуулчлалын цогцолбор болгохыг судалгааны багийнхан, аймаг, сумын удирдлагууд, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нар зорьж байгаа. Археологичид бид үүнд баяртай байгаа.
-За баярлалаа. Цаашдын судалгаанд нь амжилт хүсье.