Д.Амарбаясгалан шүүрдэж,Х.Нямбаатар шүүрнэ

Засгийн газраас авлигатай тэмцэх “5Ш” буюу  “Шүгэл”, “Шүүр”, “Шувуу”, “Шилжүүлэн авах”, “Шил” гэсэн таван ажиллагааг хэрэгжүүлэхээр болсноо зарласан. Тэгвэл тэдгээр ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийг хэн ахлахыг өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан зарлалаа.  Эдгээр 5 ажиллагааг дөрвөн сайд хариуцах аж.

Авлига, албан тушаалын гэмт  хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг батлуулах, шүгэл үлээх үйл ажиллагааг бүх талаар дэмжих хөдөлгөөн зохион байгуулах, авлигыг үл тэвчих, үл эвлэрэх хандлагыг төлөвшүүлэх, олон нийтийн дэмжлэг авах нь “Шүгэл” ажиллагааны гол зорилго юм. Энэ ажиллагааг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго хариуцах ажээ.

Тэгвэл  “Шүүр” ажиллагаагаар улс төрд нөлөө бүхий этгээдийн хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх. авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг төрийн албанаас шүүрдэн цэвэрлэх, гэмт хэргийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэд, шуурхай шалган шийдвэрлүүлэхийг зорьж буй.  Энэ ажиллагааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариуцах ажээ. Тэрээр мөн  “Шилжүүлэн авах” ажиллагааг хариуцах аж. Энэ ажиллагаагаар   офшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэн буцаан авчрах аж. Гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураах үйл ажиллагааг ил тод болгох, сан бүрдүүлж, олон нийтийн оролцоотойгоор зарцуулах тогтолцоог бүрдүүлэх юм.

Харин “Шувуу” ажиллагааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуцах аж. Энэ  хүрээнд гэмт хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг эргүүлэн авч ирэх, үүний тулд эрх зүйн  харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх ажээ.

“Шил” ажиллагааг Цахим хөгжлийн сайд Н.Учрал хариуцна. Энэ хүрээнд  цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох ажээ. Мөн  төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай, нээлттэй компани болгох, ур чадвар бүхий менежментийн багийг ажиллуулах юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn