Сүүлийн жилүүдэд техникийн нөхөн сэргээлт идэвхжжээ

2023-03-14

Өчигдөр БОАЖЯ-наас тулгамдаж буй асуудлаар газар, хэлтсийн дарга нар мэдээлэл хийх үеэр байгалийн нөхөн сэргээлтийн талаар ярилаа.

Хариуцлагагүй уул уурхай, нинжа нарын хууль бус үйлдлийн улмаас эвдрэлд орсон 8,000 орчим га талбайг нөхөн сэргээх ажил Засгийн Газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагджээ.

Энэ зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд “Нөхөн сэргээлт 2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой Байгаль орчин, Аялал жуучлалын дэд сайдаар ахлуулсан салбар дундын ажлын хэсэг аймаг бүрд ажиллаж байгаа гэнэ.

Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн 8,000 га талбайг нөхөн сэргээж байна

Энэ талаар БОАЖЯ-ны хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх “2018 он хүртэл жилдээ 10 орчим га талбайд л техникийн нөхөн сэргээлт хийгдэж 300 гаруй га талбайд биологийн нөхөн сэргээлт хийгддэг байсан.

2019, 2020 онуудад “Нөхөн сэргээлт 2020” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 8,000 га талбайг нөхөн сэргээх зорилт тусгуулсан.

2020 онд улсын хэмжээнд эвдэрсэн газрын тооллогыг зохион байгуулж 30.7 мянган га талбай эвдрэлд орсон. Нөхөн сэргээгдээгүй он удаан жил болсон 8,000 га талбай байгаа талаарх судалгааны дүн мэдээ гарсан.

Үүнтэй холбогдуулж нэгдсэн ажлын хэсгээс нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэхтэй холбоотой хяналтын тооллого хийх, шалгалтын ажлыг эрчимжүүлэх, аж ахуй нэгж байгууллагатай хариуцлагыг нь нэмэгдүүлж ажилласны үр дүнд өмнө нь 810 га талбайд хийгддэг байсан нөхөн сэргээлтийг 2020 онд 1,973 га, 2021 онд 2,125 га, 2022 онд 2,189 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг хийлгэсэн байна” гэв.

Харин Биологийн нөхөн сэргээлтийн тоо хэмжээний хувьд 2018, 2019 онуудад 300 гаруй га талбай байсан бол 2020 онд 679 га, 2022 онд 777 га талбайд хүрсэн байна.

Ухсан нүхийг булж тэгшлээд хөдөө аж ахуй, малын бэлчээрийн зориулалттай нөхөн сэргээлтийг хийгээд орхисон ч биологийн нөхөн сэргээлтийг хийх ажил сайн хийгдэхгүй байгааг албаныхан хэлсэн.

Мөн хуралд оролцож байсан иргэд ч биологийн нөхөн сэргээлт тун хангалтгүй байгааг шүүмжилж байв.

Тиймээс эвдэрсэн газрыг ургамалжуулахтай холбоотой стандартыг сайжруулах, нөхөн сэргээлтийг хүлээж авахтай холбоотой акт, дүрэм журмуудыг шинэчлэх ажлуудыг 2023 оны эхний хагас жилдээ багтаан шийдвэрлэх аж.

Холбоотой мэдээ