Монгол Богдуудын түүх цаашид мөнхөд үргэлжилнэ

-Богд Жавзандамба хутагтууд ба Монгол-

Богд гэгээнтний X дүр Монголд тодорсон мэдээ хуучраагүй байна. Хэдийгээр Дарнадын хувилгаан Жавзандамбын дүр Монголд анх тодрохоосоо өмнө Энэтхэгт таван  удаа, Түвдэд гурван  удаа тодорч байсан гэдэг боловч Монголын шашны тэргүүнээр 10 дахиа тодорч байгаа нь энэ юм. Тэр бол Монгол дахь Буддын шашны ламын шашин буюу Гэлэгба урсгалын удирдагч мөн билээ.

Богд гэгээн гэгдэж ирсэн хутагтууд Монгол дахь хамгийн дээд цолтой лам байсан бөгөөд VIII дүр нь бүр Олноо Өргөгдсөн Монгол улсын Хаан буюу манай улсын сүүлчийн Хаан байсан нь ч үнэн түүх. Тиймээс Богд Жавзандамба хутагтууд цаашид Монголдоо төрж, өргөгдөн залагдаж, шашин номынхоо ажлыг эрхэлж,  түмэн олныхоо буян заяаг түшиж, тэтгэж явах нь ч үнэн.

Монголд тодорсон Жавзандамба хутагтуудын тухайд өгүүлэхэд эхний хоёр нь Монгол Богдууд байсан бол дараагийн III- VIII Богдууд Төвдөд төрж, тэндээс Монголд ирж ширээнд суудаг байлаа. Яагаад Төвдөөс Богдыг залдаг болсон гэхээр тухайн үед Монголыг өөрийн харьяанд нэгтгэсэн Манж Чин гүрний хаад эрх баригчдын бодлоготой холбоотой. Тиймээс ч Төвдөөс залагдаж ирсэн III-VII дүрийн Богдууд Манжуудын хараа хяналтад шашин номын хэргээс илүү гарч байгаагүйг түүхнээс харж болно.

Харин VIII дүрийн хувьд тухайн үеийн олон улсын байдал, монголчуудын Үндэсний эрх чөлөөнийхөө төлөөх тэмцэл сэргэсэн цаг үед таарч, улмаар тэрхүү тэмцлийг оройлогч болсныхоо хувьд өмнөх 5 дүрээсээ тэс өөр хувь заяа, заяа тавиланг туулсан түүхтэй. Тиймээс Монгол Богдууд болон VIII, IX дүрийн тухай цухас ч болтугай өгүүлэх ёстой болов уу.

Анхдугаар Богд буюу Өндөр Гэгээн Занабазар

Монголын анхдугаар Богд тодорсон 15, 16-р зууны зааг үед хангуудын  зөрчил, тэмцлийн үе байлаа. Тийм үед Монголыг оюун санааны хувьд нэгтгэн зангидах шашны тэргүүн хэрэгтэй гэсэн саналаар  анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарыг тодруулсан түүхтэй. Ингэж Монголын Бурхны шашин анх удаа тэргүүнтэй болжээ.  Халхын Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн   түүнийг таван настай байхад нь  1640 онд Далай лам , Банчин Богдоос Жавзундарнатын хувилгаанаар тодруулан  Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ. Түүнийг ийн өргөмжилсөн нь домог, түүхүүдэд тархай бутархай Монголоо шашны тугийн доор нэгтгэх бодлогоор Халхын хангуудаас явуулсан бодлоготой холбогддог.

Тэрбээр бага наснаасаа Бурханы шарын шашны судар хийгээд тарнийн сургаал, номлол, зан үйлд суралцаж улмаар 1649 онд Төвдийг зорин Банчин Чойжилжанцан Богдод бараалхан шавь орж шашны таван их ухааныг заалган эш онолын эрдмийг төгс эзэмшээд эх нутагтаа буцан ирж номын хүрээ хийд, сургуулийг олноор байгуулсан. Түүний өргөсөн Занабазар гэдэг нэр нь ‘цэцэн билэг – (жнана), аянгат – (важра) ‘ гэсэн утгатай Санскрит гаралтай үг. Занабазар 1723 онд Бээжингийн Шар Сүмд нас баржээ.

Монгол улсын төр, нийгэм, шашин, соёлын том зүтгэлтэн, анхдугаар Богд Жавзундамба хутагт тухайн үедээ үнэхээр Халх монголчуудын оюун санааны удирдагч болж чадсан юм. Түүнийг залж, “Өргөө” гээчийг үүсгэсэн тэрхүү цагаас хойш бид өнөөгийн нийслэл Улаанбаатар хотынхоо насыг тооцдог билээ. Анхдугаар Богдын үеэс л ар халх нь Манжийн 200 жилийн ноёрхолд орсон нь бас үнэн. Тэгвэл энэ уран гарт эрхэмсэг Богдын дараагийн дүрийг буюу II Богдыг бас Монголоос тодруулсан.

Хоёрдугаар Богд

Хоёрдугаар Жавзандамба хутагт ч Занабазарын мөн адил Чингис хааны удмын язгууртан гэр бүлээс гаралтай хүн байлаа.

Халхын шарын шашны тэргүүн II Лувсандамбийдоми 1724 онд  төрж, 1757 онд нас барсан. Хоёрдугаар Богд Халхын Түшээт хан аймгийн эфү, чин ван Дондовдорж,   хотгойдын Баярт хатан нарын дундаас мэндэлжээ. Анхдугаар Богд Жавзандамба хутагтыг жанч халсны дараа 1729 онд түүний хойт дүрийг тодруулах ажлыг Манж Чин улс  шууд удирдан зохион байгуулж, Өндөр гэгээнд олгосон бүх шагнал, эрх ямбыг хэвээр шилжүүлсэн түүхтэй.  II Богд   Өндөр гэгээнтний нэгэн адил Халх Монголд их нөлөөтэй нэгэн байв.

Манжийн эзэн хаан Халхын Богдод   зориулж сангийн зардлаар 1727-36 онд Амарбаясгалант хийдийг байгуулж өгч байж. Мөн  түүнийг 1736 онд Бээжинд очиход нь Манжийн хаан  өөрийн биеэр бараалхаж, хүзүүн дэх эрдэнийн эрхээ түүнд зүүн өгч, буцах зардалд нь 100 мянган лан мөнгө олгох зэргээр ихэд хүндлэл үзүүлж байжээ. Мэдээж Манжийн төр Жавзандамба хутагтын шашин, төрийн болон эдийн засгийн эрх мэдэл, сүр хүчин өсөн нэмэгдэхээс сэрэмжилж байсан гэдэг. Тиймээс ч хутагтын төрийн эрх мэдлийг хязгаарлах, шашин төрийн үйл хэрэгт нь хяналт тавих болж, 1754 оноос түүний төр захиргааны хэргийг салгажээ.  Амарсанаа, Чингүнжавын бослогын үеэс энэ бодлогоо улам чангатгагасан гэдэг.

Халхын II Богд идэр залуухан 34 насандаа  учир битүүлэг байдлаар нас эцэслэсэн бөгөөд үүнд Манжийн төрийн оролцоо байсан хэмээх нь бий. Учир нь Хотгойдын шадар ван Чингүнжавын бослогод хоёрдугаар Жавзандамба хутагт туслалцаа үзүүлсэн гэж Манж нар хардаж сэрдсэнээс амийг нь бүрэлгэсэн гэж түүхэнд үлджээ. Түүний шарилыг Дамбадаржаа хийдэд алтан суваргад залсан байна.

Ингээд II Богдыг нас барсны дараагийн жил Манжийн Тэнгэрийн тэтгэсэн хаан  Жавзандамба хутагтын бүх хойд дүрийг Төвдөөс тодруулж байхаар зарлиг буулгажээ. Ингээд уг зарлигийн дагуу    III-VII Богдууд бүгд Төвдөөс залагдаж, Монголын шашны хэрэгт төдийлөн хамааралгүй явж ирсэн байдаг. Харин  VIII Богдын хувьд бол нөхцөл байдал тэс өөр болж ирсэн юм.

Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо зарлахад наймдугаар Жавзандамба хутагт  Богд хаанд өргөмжлөгдөж байв. Тэрээр 1924 онд насан эцэслэтлээ Монгол  Улсын хаан ширээнд суусан. Түүнийг нас нөгчсөний дараа коммунист Засгийн газар байгуулагдаж, хойд дүрийг нь тодруулахыг хориглосон билээ.

Олноо Өргөгдсөн Монгол улсын хаан, VIII Богд Жавзандамба Монгол Улсын шашин, төрийг хослон баригч хаан 1911-1921 онд,  Хэмжээт цаазат хаанаар 1921-1924 онд өргөмжлөгдсөн  Халхын шарын шашны тэргүүн VIII Богд Жавзундамба хутагт Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуу 1869 онд  Түвдэд Лхасын ойролцоо төржээ.   Таван настайдаа Жавзандамба хутагтын хойд дүрээр тодорч Их хүрээнд залагдаж ирсэн түүнийг халхууд Монголд элэгтэй болгон хүмүүжүүлсэн гэдэг. Тиймээс ч тэр өөрийгөө Чингис хааны угсаа, Халхын Түшээт хаан Гомбодоржийн хөвүүн I Жавзандамбын хойд дүр тул Монголын төрийн хэрэг, хувь заяа өөрт нь хамаатай гэж үздэг байсан нь маргаангүй юм. Манжаас тусгаарлах Монголын ноёдын санаачилгыг эхнээс нь дэмжиж уг хэргээр хаант Орост элч хүртэл удаа дараа зарж байв. Манжийн шинэ засгийн бодлогыг эсэргүүцсэн Монголын ноёд түүнийг тойрон хүрээлсэн бөгөөд Богд гэгээн монголчуудын дунд үлэмж нэр хүндтэй байснаа ашиглаж, “монгол овогтон бүгдээр нийлж нэгэн улс болон тогтнох” лүндэн буулгажээ. Халхын ноёд, лам нар Манжаас тусгаарлан улсын хаанд Богд гэгээнийг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Олноо Өргөгдсөн Монгол улсын хаан, шашин, төрийг хослон баригч түмэн наст богд хаанаар өргөмжилсөн юм.

Хятадад нийлэхийг ятгаж байсан Хятадын ерөнхийлөгч Юань Шикайн ятгалга, сүрдүүлгийг Богд хаан эс зөвшөөрч, бүх монголчуудыг нэгтгэж нэгдмэл Их Монгол Улсыг сэргээн мандуулахыг зорьж байлаа. Түүний Засгийн газрын сайдууд төрийн тусгаар тогтнолоо хүчирхэг улсуудаар хүлээн зөвшөөрүүлэхийг оролдож байсан боловч энэ оролдлого Хиагтын гурван улсын хэлэлцээрээр таслагдсан. 1919 онд хятадууд цэргийг хүчээр Монголын автономыг цуцлахад Богд хаан гарын үсэг зураагүй юм. Харин ч төрийн тусгаар тогтнолоо сэргээхийг эрмэлзэн АНУ, Зөвлөлт Орос улс, Япон болон Колчакийн засгийн газраас тусламж дэмжлэг эрэлхийлж байсан хүмүүсийг дэмжиж байв. Тиймээс хятадууд дээрх хэрэгт сэжиглэн түүнийг баривчлан хорьжээ.

1921 оны хоёрдугаар сард Хүрээг эзлэн авсан Барон Унгерн Монголын автономыг сэргээн мандуулснаа тунхаглаж, Богд гэгээнийг Монголын хаан ширээнд залсан бол таван сарын дараа ардын намынхан Нийслэл Хүрээнд орж ирээд мөн л VIII Богдыг хаанаар өргөмжилсөн. 1921 оны арваннэгдүгээр сарын 1-нд  Ардын Засгийн газраас Богд хаантай “тангаргийн гэрээ” байгуулж хааны улс төрийн эрх мэдлийг хасч хэмжээт эрхтэй хаан болгожээ. Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын хаан YIII Богд Жавзандамба Монголчуудын дахин тусгаар тогтносон хоёр ч хувьсгалын удирдан зохион байгуулагч, идэвхтэй дэмжигч нь байж, Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээж чаджээ.  Гэвч түүнийг бие барсны хойно Хойд их хөршид тогтносон большевик коммунизм монголчуудыг бүтэн 70 гаруй жил Богдынхоо хойд дүрийг тодруулахыг цаазлан хориглож ирсэн үзэл суртлын дайныг хийсэн юм.

Зарим судлаач нар Богд хааныг хорлогдож өөд болсон гэж дүгнэдэг. Түүнийг жанч халснаас хойш 21 хоног гашуудал зарласан бөгөөд Хүрээний лам нар түүний хойд дүрийг тодруулахыг оролдож байлаа. 1925 онд МАХН-ын IV их хурлаас Богдын хөрөнгийг улсын санд хураах, түүнийг ардын боловсрол, эрүүлийг хамгаалах, соёлын хэрэгцээнд зарцуулахаар шийдвэрлэжээ.

IX Богд Жавзандамба хутагт 

VIII Богдоос хойш  Богдын маань дүр Монголдоо нэг тодорсон ч хэлмэгдүүлэлтийн үед гарч ирж чадаагүй гэдэг. Харин 1932 онд төрсөн Жамбал Намдол Чойжи Жанцанг Далай лам IX  Жавзандамба хутагтаар тодруулсан. Цагийн аясыг даган ламын бус харын дүрээр амьдарч ирсэн тэрбээр Буддын шашны тэргүүн XIY Далай лам Данзанжамцаас Монголын IX Богд мөн гэсэн баталгааг 1990-ээд онд авсан байдаг. 1999 онд 67 настай IX Богд анх Монгод морилж  байлаа. Өөрийн залагдах ёстой Монголтойгоо 20 гаруй жил холбоотой байж, хөөгдөж буцаж байсан удаатай ч шашныхаа ёсоор ширээндээ залагдан Гандан хийдэд амьдарч байгаад өөд болсон юм. Энэ хооронд Монголын бурхан шашинтнууд ч зүгээр суулгүй хууль ёсны Богд гэгээнээ залахын төлөө ажилласаар тийн залж чадсан юм. Үүнийг Далай ламтан ч өөгшүүлэн дэмжсээр ирсэн байдаг.

IX Богд хойд дүрээ Монголоос тодорно гэдгийг амьд ахуйдаа зарласан. “Миний дараагийн дүр Монгол орондоо төрж, ард түмэн, сүсэгтэн олондоо сайн үйл хийнэ” гэж IX Богд амьд ахуйдаа мэдэгдэж байсан ёсоор   саяхан Монголд X Богд тодорсон сайхан мэдээ түгэв.

Богд Жавзандамба хутагтын X дүр 

X Богд Жавзундамба хутагтаар тодорсон Монгол хүн  ирээдүйд Монголдоо амьдарна. Сошиалд хэт автсан манайхан хэд хоног хуваагдан элдэв юм ярив.  X Богдын тухайд хэрэгтэйг нь аваад л, хэрэггүйг нь хаяад урагшилж таарна. Дэлхийн их гүрнүүдтэй хөршийн хувьд тэдний дохио зангаа, бодлогоор ч асуудалд хошуу, хуруу нэмэхийг оролдогсод цөөнгүй байх биз.

Ер нь бол  Богд Жавзандамба хутагтын X дүр Монгол хүн учраас түүнийг залах нь бусад хэнд ч хамаагүй. Монголчуудын олонхи Бурханы шашин тэр дундаа Гэлүгба буюу ламын хэмээх шарын шашныг шүтдэг билээ. Тиймээс ч Монгол Богд Жавзандамба хутагтуудын түүх цаашид мөнхөд үргэлжилнэ. Тэгэхээр Монгол X Богдоо Монголчууд тодруулж залах нь юуны буруу байх вэ.  X Богд Жавзундамбатан сайн цагийн 1000 бурханыг түүчээлэн эх орондоо тавтай морилж, Монголынхоо бурхан шашны тэргүүн болох цаг айсуй. Ум сайн амгалан болтугай.

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn