
Гурван настай хүү хойд эцэг болох 34 настай Э-д зодуулсан гэх хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Хүү эрчимт эмчилгээний тасагт гурав дахь өдрөө хэвтэн эмчлүүлж байна.
Цагдаагийн байгууллагаас “Л-ийн хамтран амьдрагч Э нь гэртээ 3, 6 настай хоёр хүүхдийг харахдаа гурван настай Б-г зодсон байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогоод байна.
34 настай Э нь гурван настай хүүг эмнэлгийн байгууллагад хүргэчихээд зугтсаныг шуурхай ажиллагаа явуулан, олж тогтоон, хойшлуулшгүйгээр баривчлан, цагдан хорих саналыг прокурорт хүргүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Хойд эцэг нь өмнө нь Эрүүгийн хуулийн 11.6.2 дахь хэсэгт заасан бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх хэргээр ял шийтгэл эдэлж байсан.
Хохирогч хүүгийн төрсөн эх Л нь хэргийн талаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон. Хүүг гуравдугаар сарын 6-ны шөнө зодчихоод 8-ны 09:40 минутын орчимд хүргэж өгсөн нь үнэн.
Л болон Э нар нь 2023 оны нэгдүгээр сараас хамтран амьдарч эхэлсэн.
Цагдаагийн байгууллагаас эцгийг Эрүүгийн хуулийн 11.1, 11.4 дэх хэсэгт холбогдуулан шалгаж байна” гэх мэдээллийг өглөө.