Хөшөөнүүдэд чихэвч зүүсэн нь дуу чимээний бохирдлыг сануулсан сануулга уу? 

Улаанбаатарын хөшөөнүүдэд чихэвч зүүсэн нь сүүлийн өдрүүдийн содон өнгө төрх болоод байна. Хэн яах гэж ийм зүйл хийсэн нь тодорхойгүй байгаа ч дуу чимээний бохирдлын эсрэг акц болов уу гэсэн  таамаглал байна.

Утааны бохирдлоо л ярьсаар,харамсалтай нь утаанаасаа ч салж чадаагүй улаанбаатарчууд бусад бохирдол байдгийг ер нь мартсан гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл дуу чимээний бохирдол гэж дэлхийн хотуудад заавал авч үздэг онцгой аюултай бохирдол байдаг.

Дуу чимээ ихтэй хотод амьдардаг хүмүүсийн цусны даралт ихсэх, дутуу жинтэй хүүхэд төрүүлэх гэх мэт сөрөг үр дагавартай байдаг аж. Стресс бухимдал, зүрх судасны өвчлөл, сонсголын эрхтний эмгэг бол ойлгомжтой. Улмаар төвлөрөл саатах, бүтээмж буурах, нойргүйдэх олон шалтгааны нэг нь дуу чимээний бохирдол болж байна.

2019 оны хоёрдугаар сард Bruitparif гэх Парис хотын орчны дуу чимээг хэмждэг ашгийн бус байгууллага ДЭМБ-тэй  хамтарч нэгэн судалгаа хийжээ. Судалгаагаар их дуу чимээтэй газрын иргэд эрүүл саруул байх гурван жилийн амьдралаа алдаж байгаа нь гарсан байна.

ДЭМБ-аас дуу чимээний талаар гарсан   зөвлөмжид   чих шуугих, нойргүйдэх, судасны нарийсалтай болох, таргалах, чихрийн шижин тусах, дутуу төрөх, сэтгэн бодох чадвараа алдах өвчлөлд хүмүүс дуу чимээнээс болж нэрвэгдэж байгааг сануулжээ.

Улаанбаатарчуудын хувьд дэлхийн нийслэлүүдээс магадгүй хамгийн стрестэй нь байх. Утаа, түгжрэлдээ уурсаж бухимдсан хүмүүс ганцхан минут тэсэхгүй машины дуут дохиогоо дуртай үедээ хангилуулах нь элбэг.

ДЭМБ-аас гадаад орчин буюу гудамж талбайн дуу чимээний зөвшөөрөх дээд хэмжээ нь 60дБ гэж тогтоосон ч нийслэл хотод 75.19 дБ буюу аюултай түвшинд хүрсэн байна.

Их дуу чимээнээс иргэдээ хамгаалахын тулд бусад улс орнууд хууль, журамдаа өөрчлөлт оруулж, бусдын эрүүл мэндэд аюул учруулахуйц дуу чимээ гаргасан бол хариуцлага тооцдог хуультай аж. Манайд ямар нэгэн хууль, журмын зохицуулалт алга байна.

Тиймээс нийслэлийн дуу чимээний бохирдол хэрээс хэтэрсэн, ямар нэгэн зохицуулалтгүйг сануулсан акц болов уу.

 

 

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn