
Хөлбөмбөгийн дэлхийн гурван удаагийн аварга, хаан Пелегийн охин Кели Насименто аав нь нас барахынхаа өмнөхөн Аргентиныг Катарт болсон ДАШТ-д түрүүлээсэй гэж хүсч байсан гэж мэдэгджээ.
Тэр үед Пеле “Цом Өмнөд Америкт үлдэх ёстой, Месси үүнийг хүртэх ёстой ” гэж хэлжээ. Энэ тухай Пелегийн охин Кели Насименто өөрийн Инстаграм хуудаснаа ярьжээ.
Тэрбээр Аргентины багийн ахлагч Лионель Мессигийн эхнэр Антонелла Рокуццотой авахуулсан сельфигээ нийтэлж, Пелегийн хүслийн тухай ярьжээ.
“Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Бразил Хорватын багт хожигдох үед аав маань бүр дордож байсан. Бүгд л Бразилийг манай аавын төлөө энэ тэмцээнд түрүүлээсэй гэж хүсч байсан, өөр багийг биш. Гэхдээ миний аав хөлбөмбөг гэж юу байдгийг хэнээс ч илүү ойлгодог байсан. Ямар ч багт хожих боломж байдаг, тэр үргэлж энэ сайхан тоглоомд дуртай гэдгээ хэлдэг байсан” гэж Кели Насименто бичжээ.
Түүний бичснээр Бразилийн шигшээ багийг хожигдсоны дараа эмнэлгийн өрөөнд орсон хүн бүр Пелегээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ялагчаар хэнийг харахыг хүсч байгаа талаар асуусан бөгөөд мэдээж Аргентины шигшээ баг биш гэж таамаглаж байсан.
“Тэгэхэд тэр: “Аргентин, тийм ээ! Цом Өмнөд Америкт үлдэх ёстой, Месси үүнийг хүртэх эрхтэй”.
Бүгд тоглоом шоглоомоор, айсан царай гарган: “Яаж? Аргентин?!” Тэгэхэд тэр зүгээр л “Тийм ээ. Месси үүнийг хүртэх эрхтэй” гэсэн гэж Кели Насименто нэмж хэлжээ.
Пелегийн охин финалын тоглолтын үеэр зурагт үзэхээ больсон гэдгээ мэдэгджээ. “Гэхдээ тэр Аргентиныг ялж, Месси цомыг өргөсөн гэдгийг ойлгосон. Тэр аз жаргалтай байсан” гэж Кели Насименто дүгнэжээ.
Пеле 2022 оны арванхоёрдугаар сарын 29-нд 82 насандаа таалал төгссөн. Үхлийн шалтгаан нь бүдүүн гэдэсний хорт хавдраас болж олон эрхтний дутагдалд орсоноос болжээ.
Арванхоёрдугаар сарын 18-нд Аргентины шигшээ баг түүхэндээ гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Шигшээ тоглолтод Аргентинчууд Францын багийг хожсон.
Катарт болсон тэмцээнд Бразилийн шигшээ баг шөвгийн наймд Хорватын багт хожигдсон билээ.
Пеле дэлхийн аваргад гурван удаа (1958, 1962, 1970) түрүүлсэн түүхэн дэх цорын ганц тоглогч юм. Бразилийн шигшээ багийн төлөө 92 тоглолт хийхдээ 77 гоол оруулсан. Пеле карьерынхаа ихэнх хугацааг 1956-1974 онд Сантос клубт өнгөрүүлсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй