УДШ: Иргэн С.Эрдэнэ АН-ын даргын бүртгэлтэй холбоотой худал мэдээлэл тараасан

2023-03-03

Л.Гантөмөр даргатай АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяраас хоёрдугаар сарын 28-нд Улсын дээд шүүхэд өргөдөл хүргүүлжээ. Уг өргөдөлдөө “…намын улсын бүртгэлийн гэрчилгээ нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, ашиглах боломжгүй байгаа бөгөөд Ардчилсан намын хуучин удирдлага нь намын холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй, удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байна. Дээрх байдлаар намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн тул өргөдлийг хүлээн авч, Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгож өгнө үү” гэсэн.

Үүнтэй холбогдуулан С.Эрдэнэ тэргүүтэй АН-аас мэдээлэл өчигдөр мэдээлэл хийсэн. Тус мэдээллийн үеэр тэрбээр “Улсын дээд шүүх бүрдүүлэх материал дутуу бичиг баримт хүлээн авч Л.Гантөмөрийг намын даргаар бүртгэсэн. Тэд ч материалаа дутуу өгснөө хүлээн зөвшөөрч намын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авах оролдлого хийж байна. Тиймээс бид Дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан” гэж мэдэгдсэн.

Энэ асуудалтай холбоотойгоор Улсын дээд шүүх албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. Тус мэдэгдэлд, “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 10 дугаар тогтоолоор Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэнтэй холбогдуулан иргэн С.Эрдэнэ 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид болон улс төрийн намын бүртгэлтэй холбоотой үйл ажиллагааны талаар олон нийтэд үндэслэлгүй, худал мэдээлэл хийсэн, түүнчлэн Улсын дээд шүүх болон шүүгчдийн албаны нэр хүндэд илэрхий халдсан үйл ажиллагааг удаа дараа явуулсан тул энэхүү тайлбар, мэдэгдлийг гаргаж байна” гэжээ. 

Холбоотой мэдээ