Нийслэлийн Ерөнхий менежер М.Баяраа: Энэ оноос золбин нохой, муурт үржил хязгаарлах мэс ажилбар хийхээр төлөвлөсөн

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар эзэнгүй муур, нохойн тоо толгойг бууруулах чиглэлээр авах зарим арга хэмжээг хэлэлцжээ. Улаанбаатар хотод эзэнгүй нохой, муур устгах ажлын нэгж тарифыг нэмэх асуудлыг хөндсөн байна.

Өнгөрсөн оны эхний зургаан сарын байдлаар нохойд хүн болон мал хазуулсан 3,169 тохиолдол гарчээ. Энэ нь гэр хорооллын айл өрхүүд нохойгоо сул тавьдаг, гөлөгнүүдийг төөрүүлдэг зэргээс үүдэн золбин нохой, муур олшрох, улмаар олноор үржиж буйтай холбоотой гэнэ.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчийн зүгээс золбин муур, нохойг буудаж устгах бус, үржил хязгаарлах мэс ажилбар хийх, засах нь өнөөгийн нөхцөлд тохиромжтой гэв.

Хотын Ерөнхий менежер М.Баяраа “Нэгэнт эзэнгүй болсон, золбин нохдыг буудах, эсвэл унтуулах аргаар тоо толгойг нь хязгаарлахаас өөр аргагүй. Устгасан нохойн сэг зэмийг хэрхэх вэ гэдэг асуудал гарч буй тул бордоо хийхээр хувийн хэвшилтэй хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Орхон аймагт үржил хязгаарлах мэс ажилбар хийснээр золбин нохойн тоо толгой тодорхой хэмжээгээр буурсан эерэг үр дүн гарсан. Тиймээс эхний ээлжид эзэнтэй бүх нохойг бүртгэлжүүлэн, кодлохоор үнийн судалгааг хийж байгаа.

Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Хөдөө аж ахуйн газар болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран энэ оноос золбин нохой, муурт үржил хязгаарлах мэс ажилбар хийж эхлэхээр төлөвлөж байна” гэв.

Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлагдвал эзэнтэй нохдын эздэд хариуцлага тооцох боломжтой болохыг хэллээ. Эдгээр асуудлыг хэлэлцэн тогтоолын төслөөр баталж, НИТХ-д өргөн барихаар болов.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn