“Оюу толгой” ХХК-ийн 30 ажилтан өнгөрсөн онд бэртэж гэмтжээ

“Оюу толгой” ХХК-ийн Аюулгүй ажиллагааны хэлтсийн менежер н.Ариунтунгалаг бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Одоогийн байдлаар 5,000 гаруй шинэ ажилтан “Оюу толгой” ХХК-д ажилд орсон. Ахлах ажилтнуудын 40 хувь нь тухайн ажилдаа шинээр томилогдоод байна. Эдгээр нь аюулгүй ажиллагааны хувьд сорилт дагуулсан.

Тиймээс 2022 он аюулгүй ажиллагааны хувьд эрсдэл үүсэж болохуйц жил байсан гэж хэлж болно.

2022 оны сүүлийн хагас жилд “Оюу толгой” ХХК аюулгүй ажиллагааны төлөвшлийн үнэлгээнд орсон. Улмаар “хөгжиж буй” гэсэн үнэлгээг авсан юм. Түрүүн дурдсан эрсдэлтэй харьцуулахад сайн үр дүн гарсан гэж үзэж байгаа.

Аюулгүй ажиллагааны бас нэг үзүүлэлт нь бэртэл гэмтлийн тоо юм. Өмнөх онд 30 хүн бэртэж гэмтсэн. Тэдний 70 хувь нь эмнэлгийн анхан шатны тусламж авсан. Тухайн хүмүүсийг шууд эргээд ажилдаа орох боломжтой байсан гэж ойлгох нь зүйтэй. Үлдсэн 30 хувь нь буюу есөн хүн хөдөлмөрийн чадвараа түр алдсан гэсэн мэдээлэлтэй байна. Гэхдээ эдгээр хүн шаардлагатай эмчилгээнд ороод бүгд ажилдаа орсон.

Бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг аюулгүй ажиллагааны төлөвшлийн загвартай уялдуулан энэ онд хэрэгжүүлнэ” гэв.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn