Д.Бат-Эрдэнэтэй хамаарал бүхий 12 хүнийг яллагдагчаар татаж, нүүрстэй машиныг ачаагүй гэж бүртгэсэн 62 гаалийн байцаагчийг шалгаж байна

Өчигдөр УИХ-ын 6 гишүүнийг яллагдагчаар татсанаа АТГ мэдээлсэн. Харин  УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг Эрүүгийн цагдаагийн албанаас яллагдагчаар татсан тухай ч мэдээлсэн. Түүнийг мөрдөн шалгах явцад шинээр хэд хэдэн нөхцөл байдал илэрч, түүний хамаарал бүхий 12 хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэг /Хөрөнгө завших/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

“Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал Р.Сэддорж, ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг, ерөнхий маркшейдэр П.Мөнхтуул, борлуулалтын нябо Д.Мөнхнасан, ашиглалтын инженер З.Эрдэнэбаяр, маркшейдэр Ж.Мягмардорж, Тавантолгой транс ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, нягтлан Ө.Мөнхтайван, санхүү эрхэлсэн захирал Д.Эрдэнэбаяр, хангамжийн менежер П.Мөнхчулуун нарыг “хөрөнгө завшсан” хэргээр яллагдагчаар татаж, зарим хүмүүст нь таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж нь ТУЗ-ийн дарга Б.Түвшинжаргалд “Ланд Крузер-200” маркийн автомашиныг актлах нэрийдлээр хууль зөрчиж олгосон болох нь тогтоогджээ. “Тавантолгой” ХК-ийн төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байсан Д.Дэлгэрцогт нь “Лексус-570”, “BMW 5401” маркийн автомашиныг хууль бусаар өөртөө шилжүүлж авсан болох нь мөн тогтоогдсон байна.

Түүнчлэн, гаалийн байгууллагаас хийсэн дотоод хяналт, шалгалтаар “Гашуунсухайт” хилийн боомтоор нүүрс экспортлох үйл ажиллагаанд хууль зөрчсөн байж болзошгүй гэх тоо баримт, материалууд нь хэрэг шалгах явцад тоон мэдээллүүд нь хоорондоо зөрүүтэй, бодит бус нөхцөл байдал тогтоогдсон байна.

“Гашуунсухайт” хилийн боомтоор олон удаагийн давтамжтайгаар ачаагүй хоосон гарсан 320 аж ахуйн нэгжид бүртгэлтэй 7403 тээврийн хэрэгслээр нийт 31640 удаагийн давтамжтай 203 горимоор хилээр нэвтэрсэн байна. Дээрх 31640 удаагийн давтамжтай хилээр нэвтэрсэн 8025 тээврийн хэрэгслийн 3066 тээврийн хэрэгслийг гаалийн системд ачаагүй мэтээр бүртгэсэн болох нь тогтоогдож, түүнд хяналт тавьж ажилласан 62 гаалийн улсын байцаагчид холбогдох үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Гашуунсухайт хилийн боомтоор 2015-2022 онуудад давхардсан тоогоор 19201 удаа хил нэвтэрсэн 9946 тээврийн хэрэгслийн мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газрын хил нэвтрэлтийн программаас устгасан байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn