Л.Гантөмөр: Мөнгөтэй хүмүүс л УИХ-ын гишүүн болдог тогтолцоог халах хэрэгтэй

2023-03-01

“Шилэн нам” хэлэлцүүлгийн үеэр АН-ын дарга Л.Гантөмөр байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Авлигыг бий болгож байгаа зүйл рүү нь гол анхаарлаа хандуулах ёстой. Улс төрийн намууд тодорхой бүлэглэлийн эрх ашгийг хангадаг, хамгаалдаг, гэр бүлийн байгууллага болж хувирсан байна. Улс төрийн нам дээр хийх ёстой хамгийн том өөрчлөлт бол төр, нийгмийн дунд бий болсон бүлэглэлийн хан хэрмийг нураах хэрэгтэй.

Иргэд, олон нийтийн төртэйгөө холбогддог энэ холбоосыг хана биш гүүр болгож өөрчлөх хэрэгтэй.

Үүний тулд пропорциональ буюу хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоог оруулж ирэх ёстой. Улс төрийн нам нь гишүүдээсээ татвар авдаггүй байх, зөвхөн сонгуульт гишүүд нь татвараа төлдөг байх, УИХ-ын гишүүн дүүрэг, аймгийн намын дарга хийдэггүй байх хэрэгтэй.

Улс төрийн намын хуулиа, үүнийг дагаад сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай.

Одоогийн мажоритар тогтолцоод мөнгөтэй хүмүүс л гарч байна. УИХ-ын гишүүнд нэр дэвшиж буй хүмүүсээс дэнчин авахаа больж, эмч, инженер зэрэг тодорхой хүмүүсийн төлөөллийг оруулж ирэхэд анхаарах хэрэгтэй.

АН-ын хувьд яаж шинэчлэгдэх үү гэдэг нь том асуудал болж байна. Энэ парламент бол ажил хийж чадахгүй юм байна, олон гишүүд нь хэрэгт холбогдсон байна” гэлээ.

Холбоотой мэдээ