ГХЯ: ОХУ-ын иргэн орогнол хүсээгүй, хугацаа дууссан паспорттой тул нэвтрүүлээгүй

Олон нийтийн сүлжээнд энэ сарын 23-ны өдөр халимаг иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байгаа талаарх мэдээлэл гарсан. Хоёрдугаар сарын 23-ны өдөр Казахстан улсаас ирсэн, ОХУ-ын иргэн Б.Баатар нь “Хүннү Эйр” компанийн Алмата-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монгол Улсад ирсэн бөгөөд түүнийг хэлээр нэвтрүүлэхийг хориглож, “Чингис хаан” олон улсын нисэх буудалд дөрөв хонож буй тухайгаа олон нийтийн сүлжээнд бичсэн билээ.

Гадаад харилцааны яамнаас тодруулахад “ОХУ-ын иргэн хугацаа нь дууссан, хүчин төгөлдөр бус паспорттай нэвтрэхийг оролдсон. Энэ нь Хилийн баримт бичгийн зөрчил гэсэн үг. Тиймээс олон улсын гэрээ конвенцын дагуу буцаах шаардлага тавьсан боловч өөрөө буцахгүй гэсэн юм билээ.

Одоогоор орогнол хүсээгүй, хил нэвтрэх бичиг баримтын зөрчил тул эрх бүхий байгууллагууд нь зарчмын шаардлага тавьж байна. Ийм зөрчилтэй бол аль ч улсын, ямар ч иргэн байсан бүгдэд адилхан шаардлага тавьж ажиллана. Тиймээс асуудлыг хууль журмын дагуу л шийдвэрлэхээр ажиллаж байгаа байх” гэсэн тайлбар өгөв.

Хил хамгаалах ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайван “2023 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр “Хүннү эйр” компанийн нислэгээр Алмата-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ОХУ-ын нэг иргэн ирсэн. Уг иргэнийг хүчин төгөлдөр бус бичиг баримттайгаар улсын хил нэвтрүүлэх боломжгүй учраас түр саатуулсан .

Энэ сарын 22-ны өдөр бичиг баримтынх нь хугацаа дууссан байсан гэсэн үг. Хил хамгаалах байгууллага зорчигчийг нэвтрүүлэхдээ хүчин төгөлдөр бичиг баримтыг үндэслэж нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл, тухайн зорчигчийн гадаад паспортын хугацаа дууссан бол улсын хилээр нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй. Чикагогийн конвенцэд зааснаар зөрчилтэй бичиг баримттай иргэнийг тээвэрлэж ирсэн компани тухайн иргэний асуудлыг хариуцдаг.

Үүнийг шийдэх холбогдох байгууллага бий. Тухайн иргэн онгоцондоо буцаж суухгүй гэсэн асуудал тавьсан юм билээ. “Хүннү эйр” компаниас зорчигчийг “нислэгийн аюулгүй байдалд саад учруулж болзошгүй” гэсэн үүднээс тухайн буцах нислэгээр авч явалгүй, түр хүлээлгэх, шилжүүлэх танхимд шилжүүлсэн” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn