Путин, Лукашенко нар Хятадад айлчилна

ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Беларусийн ерөнхийлөгч Лукашенко нар энэ долоо хоногт Бээжинд айлчлахаар болжээ. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр айлчлал Мягмар гаригаас Пүрэв гаригийн хооронд үргэлжлэх юм.

БНХАУ ОХУ-д батлан хамгаалахын тусламж үзүүлж болзошгүй гэж АНУ санаа зовниж буй үетэй энэ айлчлал давхцаж байна. АНУ-ын дээд албан тушаалтнууд энэ талаар удаа дараалан анхааруулсаар байгаа.

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Уилльям Бернс энэ талаар “CBS” сувагт ярилцлага өгчээ. Тэр “Хятад улс Оросыг үхлийн аюултай зэвсэг хэрэгслээр хангахаар төлөвлөж байгаад бид итгэлтэй байна. Гэхдээ одоогоор бид үхлийн аюултай зэвсэг тээвэрлэж буй нотлох баримтыг хараахан олж хараагүй байна. Энэ төрлийн зэвсэг нийлүүлэх нь маш эрсдэлтэй, аз сорьсон явдал юм” гэсэн.

Украин дахь дайн эхэлснээс хойш Беларусь улс Оросын талд байсаар ирлээ. Хятад улсын хувьд төвийг сахисан байр суурь баримталж буйгаар тогтохгүй дайны өмнөхөн ОХУ-тай хязгааргүй түншлэлээ баталсан билээ.

Барууныхан Украинд зэвсэг нийлүүлж байгаа нь гал дээр тос нэмсэн үйлдэл гэж Хятад буруутгасан. Бээжин өнгөрсөн Бямба гаригт гал зогсоож, энхийн хэлэлцээ хийх уриалга гаргасан.

Зеленский Хятадын уриалгыг сайшаасан хэдий ч үр дүн нь үгнээс бус үйлдлээс хамаарна гэлээ. Олон улсын шинжээчид Хятадыг мөргөлдөөний зуучлагч байх магадлал багатай гэж үзэж байгаа. Мөн Хятадын дарга Ши Жиньпин ойрын хугацаанд ОХУ-д айлчилж магадгүй гэнэ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn