
Хятадын засгийн газар Украинд энх тайван байдал тогтоох 12 зүйлтэй санал боловсруулснаа Баасан гарагийн өглөө НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан билээ.
Ажиглагчид уг саналыг хэт ерөнхий, тодорхой зорилго агуулаагүй хэмээн шүүмжилж байна. Орос, Украины нэрийг огт дурдалгүйгээр дэлхийн бүх улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдал хадгалагдах ёстойг саналын эхэнд дурджээ.
Ингэхдээ Украины одоо эзлэгдсэн байгаа газар нутаг, 2014 онд эзлэгдсэн Крымийг яах талаар огт хөндөөгүй байна. Саналд бас “хүйтэн дайны үзэл санаа”-г буруутгаж, гал зогсоох, яриа хэлэлцээ эхлүүлэх, энгийн номхон иргэдийг болон цэргийн олзлогдогсдыг хамгаалах, цөмийн цахилгаан станцуудын аюулгүй байдлыг хангах, үр тарианы экспортыг үргэлжлүүлэх, өрнөдийн хоригийг даруй цуцлах зэрэг ерөнхий саналуудыг тусгажээ.
“Ерөнхий өнгө аяс, өгсөн мессэж нь Оросыг нэлээд дэмжсэн, өмгөөлсөн агуулгатай болжээ” гэж Сингапурын Наньян Технологийн их сургуулийн олон улсын аюулгүй байдал, Хятадын гадаад бодлогын судлаач, профессор Ли Миньжян саналыг дүгнэсэн байна.
“Саналын хэд хэдэн зүйл нь Оросын өдөөсөн дайнд Хятад улс санаа зовж байгааг харуулсан ч ерөнхийдөө эзлэн түрэмгийллийг зөвтгөсөн агуулгатай болсон байна” гэж Еврази Группийн шинжээч Клэйтон Аллен, Анна Эштон нар дүгнэсэн байна.
ОХУ-ын гадаад хэргийн яам Хятадын энхийн төлөвлөгөөг талархан хүлээн авч, хэрэгжүүлэх яриа хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Харин АНУ-ын үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх Жэйк Салливан, Европын Холбооны гүйцэтгэх засаглалын ерөнхийлөгч Урсула вон дер Ляйен, Германы канцлер Олаф Шольц зэрэг өрнөдийн холбоотнууд саналыг хүлээж авахаас татгалзаж, Украиныг дайнд ялах хүртэл үргэлжлүүлэн дэмжих байр сууриа өөрчлөхгүйг мэдэгдээд байна.
Хятадын засгийн газар саналаа танилцуулсны дараа Бээжинд суугаа Украины хэргийг түр хамаарагч Жанна Лещинская “Бид Украины газар нутгийг бусдын эрхшээлд хэвээр үлдээж, хүн ардыг нь түрэмгийлэгчдийн өмнө сөгдүүлэх ямар ч санааг хүлээж авахгүй” гэж мэдэгджээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский дайны нэг жилийн ойд зориулан үг хэлэхдээ Бээжингийн саналыг эергээр хүлээж авч байгаагаа илэрхийллээ. Хэдийгээр энхийн саналд зөвшөөрөх, зөвшөөрөхгүй зүйлс байгаа ч Хятад улс анх удаагаа Украины асуудлаар байр сууриа илэрхийлсэн нь нааштай алхам болохыг тэр онцолжээ.
“Хятад улс өөрийн байр суурийг илэрхийлжээ. Украины асуудлаар Хятад улс дуугарч эхэлсэн нь муу зүйл биш гэж би бодож байна. Гол нь үгийг үйлдэл дагалдах ёстой. Үүний дараа ямар алхам хийж, ямар үр дүнд хүрэх нь чухал юм” гэж Зеленский хэлсэн байна.
Тэрбээр Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзах хүсэлтэйгээ энэ үеэр илэрхийлж, ингэх нь “хоёр улсад төдийгүй дэлхий дахины аюулгүй байдалд ач холбогдолтой” гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.