Украиныг дэмжсэн тогтоол батлах НҮБ-ын ээлжит санал хураалтад Монгол улс дахин түдгэлзэв

2023-02-24

Украин дахь дайны нэг жилийн ойг тохиолдуулан НҮБ өчигдөр тус улсын нутаг дэвсгэрээс ямар нэг нөхцөлгүйгээр цэргээ гаргахыг ОХУ-аас шаардсан агуулгатай тогтоолын төсөл дээр санал хураалт зохион байгууллаа.

Санал хураалтад НҮБ-ын гишүүн 193 улс оролцсоноос 141 нь дэмжиж, долоон улс татгалзсан байна. Үлдсэн 32 улс санал хураалтад оролцохоос түдгэлзжээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард зохион байгуулагдсан өмнөх санал хураалтаар 143 улс дэмжиж, таван улс татгалзаж, 33 улс түдгэлзэж байсан юм. Энэ удаа эсэргүүцсэн орнууд нь Беларусь, БНАСАУ, Эритрей, Мали, Никарагуа, ОХУ, Сири болсон байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард зохион байгуулагдсан өмнөх санал хураалтад таван улс эсэргүүцэж байсан бол энэ удаа Эритрей, Мали улсууд түдгэлзсэн байр сууриа өөрчлөн эсэргүүцэгчдийн эгнээнд нэмэгджээ.

Хятад, Энэтхэг, Иран тэргүүтэй 32 улс санал хураалтад оролцохоос түдгэлзсэний дотор Монгол улс багтсан байна. Монгол улсын хувьд дайн эхэлснээс хойш Украины асуудлаарх бүх санал хураалтад оролцохоос түдгэлзэж байгаа юм.

Өмнөх санал хураалтад түдгэлзэж байсан Лесото, Хондурас, Өмнөд Судан, Тайланд улсууд энэ удаа Украины талд санал өгчээ. Харин өмнөх санал хураалтад Украиныг дэмжиж байсан Ангол, Бангладеш, Габон улсууд энэ удаа түдгэлзсэн байна.

Санал хураалтын өмнөх хэлэлцүүлгийн үеэр Япон улсын гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши “Ирэх жил бид энэ утгагүй, түрэмгий дайны хоёр жилийн ойг тохиолдуулан энд цугламааргүй байна” гэжээ.

“Орос улс дайныг маргааш ч зогсоох боломжтой, ингэх ч ёстой. Оросын өдөөсөн энэ дайн улс орны оршин тогтнолд заналхийлж, ноёрхогч, империалист санаархлыг илэрхийлж, хил хязгаарыг үгүйсгэж буй тул хүн бүрд хамаатай юм” гэж Франц улсын гадаад хэргийн сайд Кэтрин Колонна хэлсэн байна.

Харин ОХУ-ын НҮБ дах элч төлөөлөгч Василий Небензя хөрш Украиныг “Нео Нацист дэглэмтэй орон” гэж тодорхойлоод Өрнөдийн орнууд Оросыг унагахын тулд хөгжиж буй орнуудыг золиосолж байна хэмээн шүүмжилжээ.

“Энэ бол зөвхөн Европын асуудал биш, бас Өрнөдийнхөн болон Оросын хоорондын зөрчил ч биш гэдгийг би хэлмээр байна. Энэ хууль бус дайн бол дэлхий нийтийн санааг зовоосон асуудал юм” гэж Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррель мэдэгдсэн байна.

Харин Хятадын төлөөлөгч Дай Бин талуудад даруй галаа зогсоож, хэлэлцээрийн ширээний ард суух, зөрчил маргаанаа энхийн замаар шийдвэрлэхийг уриаллаа.

 

Холбоотой мэдээ