МСҮТ-д сурдаггүй хүмүүсийн регистрийг ашиглаж, мөнгө авдаг байсан асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлсэн

Боловсролын салбарт баримталсан бодлого, хэрэгжилт болон 2023 оны ажлын төлөвлөгөөг танилцуулах уулзалт өчигдөр болсон. Уулзалтын үеэр Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв (МСҮТ)-ийн зарим зөрчилтэй асуудлын талаар УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгсөн.

Тэрбээр “Өмнө нь МСҮТ нь Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны харьяанд байсан. Улмаар БШУЯ-ны харьяанд шилжсэнээр боловсролын систем бүтэн болсон гэж хэлж болно.

ХНХЯ-ны харьяанд очсоноор мэргэжлийн боловсрол болон техникийн боловсролын тогтолцоонд олон гажуудал үүссэн. Төгсөж буй хүүхдүүд нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялддаггүй. Өөрөөр хэлбэл, зах зээлийнхээ эрэлт, нийлүүлэлт буюу ажил олгогчдын хүсэж байгаа мэдлэг, ур чадваруудыг олгодоггүй тогтолцоо байсан. Бид үүнийг засаж залруулж байгаа.

Тухайлбал, мэргэжлийн боловсролын 2.5 жилийг гурван жил болгосон. Өмнө нь 2.5 жил суралцдаг байх үед хөдөлмөрийн зах зээл дээр гарч чаддаггүй зургаан сар хүлээдэг байсан. Тиймээс ч МСҮТ гурван жилийн тогтолцоонд шилжээгүй өнөөдрийг хүрсэн нь хамгийн том алдаа байсан.

БШУЯ-наас МСҮТ-д сурч байгаа хүүхдүүдийн тоог цэгцэлсэн. Ерөнхийдөө 4,000-7,000 хүүхдийн хий тоо гардаг байсан. Улмаар их, дээд сургууль болон ЕБС-д суралцаж буй хүүхдүүдийн регистрийн дугаарыг ашиглаж 200,000 төгрөг авдаг тогтолцоо байсан.

Өнгөрсөн жилийн хавар төгсөгч нарт 200,000 төгрөгийн тэтгэлэг олгоход 4,800 хүүхэд илүү гарч, 7 тэрбум төгрөг авах эрсдэл байсан. Гэтэл үүнээс өмнөх жилүүдэд тухайн сургуульд сураагүй хүний регистрийн дугаарыг ашиглаж, татвар төлөгчдийн мөнгийг хий хоосон дансан дээр бичдэг байжээ. Ийм байдлаар хувьсах зардал авдаг байсан тогтолцоог халж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн” гэсэн юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn