Д.Туяа: Баянхонгор аймгийн Заг суманд 1,700-2,500 жилийн настай соёлын үнэт өв устах эрсдэлтэй байна

Үндэсний мэдээллийн төвд Баянхонгор аймгийн Заг сумын Загийн голын эхэнд томоохон уул уурхайн компани үйл ажиллагаа эхлүүлэхээр болсон асуудлаар экологич Д.Туяа өнөөдөр Засгийн газарт хандан хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Д.Туяа “Баянхонгор аймгийн Заг сумын Баянбулаг багт “Аурон металлс” компани уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар 2018 оны есдүгээр сараас эхэлсэн. “Цэнтрал эйшн майнинг” гэх компани “Аурон металлс” гэж нэрээ сольсон. Үүний 98 хувийг Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг гэж хүн эзэмшдэг. Энэ компани үйл ажиллагаагаа явуулахын тулд сумын долоон тэрбум төгрөгийн төсвийг хаалгах хүсэлтийг иргэний хэргийн шүүхэд удаа дараа гаргаж байгаа. Дэндүү том давуу эрхийг эдэлж байна хэмээн үзэж байна.

Компанийн үйл ажиллагаа явуулж байгаа газарт “Эх булаг” гээд рашаан байдаг. Гэтэл 2018 онд тус компани байгаль орчны яамны зарим хүмүүстэй үгсэн хуйвалдаж тухайн газарт рашаан байхгүй гэж хасуулсан байсан. Тухайн үеийн сумын ИТХ-н дарга Нямжаргал байгаль орчны яаманд рашаан байгаа гэж нэмүүлсэн. Үүнийхээ төлөө дарамт шахалтад орсон байдалтай байна.

Компанийн тусгай зөвшөөрлөөр Загийн голын эхэнд хүрч үйл ажиллагаа явуулах гээд байгаа юм. Загийн гол хэд хэдэн сумуудын хүн малыг ундаалдаг. Гэтэл ийм голыг ухах гээд хуулийн байгууллагуудад нөлөөлж, орон нутгийн захиргааг дарамталж байна.

1700-2500 жилийн настай хүрэл зэвсгийн үеийн соёлын дурсгал тухайн газарт байдаг. Олон улсад бид түүнийг хамгаалах үүрэгтэй. Газрын тусгай зөвшөөрлийг тухайн талбайд олгосон. Хэрэв тухайн компани үйл ажиллагаа явуулбал соёлын үнэт өв устаж үгүй болно” хэмээлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn