Л.Энх-Амгалан: Сурах бичгийн шинэчлэл хийх хэрэгтэй, үүнд 30 тэрбум төгрөгний өртөг шаардлагтай

БШУЯ-наас өнөөдөр сүүлийн 2 жилийн хугацаанд Боловсролын салбарт баримталсан бодлого, баталсан шийдвэр, түүний хэрэгжилт, цаашдын зорилгын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан бүх шатны боловсролын байгууллагуудад авч хэрэгжүүлсэн ажил, цаашдын төлөвлөгөөнийхөө талаар ярилаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Улаанбаатар хотын иргэдэд нэн тулгамддаг бэрхшээл бол сургууль цэцэрлэгийн хүртээмж юм. Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд үргэлжилсэн “сугалааны цэцэрлэг”-ийн тогтолцоог өнгөрсөн намраас халж, суралцах сонирхолтой 127 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулсан.

Монгол Улсын төсвийн тодотголд 100 тэрбум, нийслэлийн төсөвт 100 тэрбум төгрөг тусгаж, нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил эхэлж, эрчимсэн. Улмаар 2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 87.6 хувь нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 90 хувьд хүрсэн байна.

ЕБС-ийн сургуулийн  хувьд 2022-2023 оны хичээлийн жилээс Боловсролын мэдээллийн технологийн төвийн дэргэд сургалтын үйл ажиллагаа эхлүүлж буй “Medle” цахим сургуульд одоогийн байдлаар 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын 499 сургуулийн 10 дугаар ангид суралцдаг 10407 сурагч 16 судлагдахууны 620 бүлгээр суралцаж, 148 багш ажиллаж байна.

ЕБС-ийн сурагчидад тулгамдаж байгаа асуудал бол хичээлийн тоо олон, мөн гэрийн даалгавар их байгаа юм. Түүнчлэн багшийн арга зүй, сурах бичгийн асуудлыг шинэчлэнэ. Сурагчид нэг хичээл дээр гурван өөр сурах бичиг ашиглаж байна. Тиймээс сурах бичгийн шинэчлэл хийх хэрэгтэй. Үүнд 30 тэрбум төгрөгний өртөг шаардагдана.

Дээд боловсролын тухайд Боловсролын зээлийн сангийн журам шинэчлэгдэж, Ерөнхийлөгчийн тэтгэлэгт 75 суралцагч хамрагджээ. Харин Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт 251 оюутан хамрагдаж 13 оронд суралцаж байна. Тус сангаас 2017 оноос хойш 37 мянга гаруй оюутан хамрагдаж, 42 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ.

Боловсролын зээлийн сангаас оюутнуудад хүүгүй зээлээр суралцаад ажлын талбар дээр гараад төлөх нөхцөлтэй оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжийг үзүүлдэг. Оюутны хөгжлийн зээлд хамрагдахын тулд сурлагын голч дүн 2.8, өнгөрсөн улиралд үзсэн хичээл нь 12 багц цагаас дээш байх ёстой гэдэг шалгууртай.

Тэгвэл тус сангаас зээл авсан оюутнууд суралцаж ирээд эх орондоо таван жил ажиллахаар гэрээнд тусгагдсан байдаг. Хэрэв гэрээгээ зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу энэхүү асуудлыг шийддэг байна. Тэгвэл гэрээгээ зөрчсөн тухайн оюутнуудын нэрийг ил болгоход хуулийн зөрчил үүсч байна. Үүн дээр анхаарч ажиллахаа сайд хэллээ.

 


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn