Газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 33,000 болж, Туркт чанаргүй барилга барьсан буруутнуудыг баривчилж эхэлжээ

Туркийн зүүн өмнөд нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Ням гарагийн байдлаар Турк, Сири улсуудад амиа алдсан хүний тоо 33,000 хүрээд байна.

Олон хоног өнгөрсөн ч барилгын нуранги дороос амьд үлдсэн хүмүүс олдсоор байгаа аж. Ням гарагийн өглөө эрт Хатай мужид нуранги дороос долоон сартай хүүхдийг аварсан тухай Туркийн TRT суваг мэдээлжээ. Уйлах чимээгээр нь 140 цаг нуранги дор байсан нялх хүүг аврагчид олжээ.

Амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдсэнээр Даваа гарагийн газар хөдлөлт нь Турк улсад 1939 оноос хойш тохиосон хамгийн их хохиролтой гамшиг болжээ.

Турк улсын хуулийн байгууллагууд чанаргүй барилга барьсан аж ахуйн нэгжүүдийн албан тушаалтнуудыг баривчлах ажиллагааг эхлүүлсэн байна. Хатай муж дахь “Ronesans Residence” 250 айлын тансаг ангиллын орон сууцыг барьсан компанийн эзнийг баривчилжээ. Гадаад руу зугтах гэж байсан түүнийг Истанбул хотод саатуулжээ.

Нурангид нь олон хүн дарагдаж амиа алдсан тус хотхоныг Туркийн хэвлэлүүд “Death Residence” хэмээн нэрлэж байгаа.

Газар хөдлөлтөд нэрвэгдсэн 10 мужид чанаргүй барилга барьсан хэрэгт холбоотой нийт 131 сэжигтнийг шалгаж эхэлсэн бөгөөд тэднээс 113-ыг нь баривчлах шүүхийн шийдвэр гарсныг Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай мэдээлжээ.

Гамшгийн бүс нутагт нийтдээ 133,000 барилгыг шалгахад 12,617 нь нурсан буюу ноцтой гэмтсэн болохыг тогтоосноо Туркийн засгийн газрын холбогдох албан тушаалтан мэдээлсэн байна. Үүний улмаас нэг сая гаруй хүнийг түр хоргодох байранд оруулжээ. Нийт 200,000 орчим хүнийг Туркийн баруун бүс нутагт нүүлгэн шилжүүлсэн байна.

Туркийн их сургуулиудын хичээлийг зун хүртэл онлайн горимд шилжүүлж, дотуур байруудыг хоргодох байр болгон ашиглаж эхлээд байна.

Эх сурвалж: Associated Press


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn