ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр “Цагдаагийн байгууллагаас хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдийг тогтоох зорилгоор шуурхай ажиллагаа явуулснаар амь хохирогч Ж нь гэр бүлийн хамаарал бүхий Ж гэгчийн үйлдлээс болж, хохирсон болохыг нотлох баримтаар тогтоож, 48 цагийн хугацаатай баривчлан, цагдан хорих таслан сэргийлэх саналыг цагдаагийн байгууллагаас прокурорын байгууллагад хүргүүлээд байна.
Амь хохирогчийг дөрвөн хүүхэд сургуулийн орчимд явж байхад нь толгой руу нь трубагаар цохин гэмтээсэн гэдэг утга бүхий худал мэдээллийг зориудаар өгч, мөрдөн байцаах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан байна” гэв.
-Цагдаагийн албан хаагч хууль бусаар мэдүүлэг авсан гэдэг мэдээллийг ар гэрийн зүгээс өгсөн. Энэ асуудлыг шалгасан уу?
-Тухайн хэрэгтэй холботойгоор цагдаагийн албан хаагчийн хууль бус үйлдэл байна уу гэдгийг шалгахаар ЦЕГ-аас ажлын хэсэг гарч, Ховд аймагт ажилласан. Энэ дээр худал мэдээлэл тараасан гэдэг нь тогтоогдсон. Хэргээ нуун дарагдуулах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан санаатайгаар худал мэдээлэл тараасан байгаа.
-Хэрэг үйлдэх үедээ нагац Ж нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдэг мэдээлэл байгаа?
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгч байгаа учраас илүү тайлбар өгөх боломжгүй. Гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг та бүхэн нийгэмд түгээхээсээ өмнө эх сурвалжаас нягталж байж, мэдээлэх ёстой. Анх мэдээллийг гаргасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр хариуцлагын асуудал яригдана.
-Ээж нь “Хүүхдийн маань толгойг гэмтээсэн хүүхдүүдийг л олоод өгчих” гэж ярьж байсан?
-Ж гэгч нь үгсэн тохиролцоод хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэдэг мэдээлэл байгаа. Дөрвөн охин хохирогчийн толгой руу трубагаар цохисон гэдэг нь худал мэдээлэл болох нь тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлт одоогоор гараагүй байна.