Нүүрсний арилжааг эхлүүлж, хил нөхцлөөр 32 мянган тонн нүүрсийг нэг тонныг нь 179.1 ам.доллароор борлуулжээ

2023-02-09

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран экспортод гаргах нүүрсний анхны цахим арилжааг өнөөдөр зохион байгуулжээ. Энэ удаа 32 мянган тонн коксжих нүүрсийг арилжжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан билээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын талд уурхайн амны үнээр нэг тонн нүүрсийг 109 ам.доллароор борлуулж ирсэн бол өнөөдөр хил нөхцөлөөр нэг тонн нүүрсийг 179.1 ам.доллароор борлуулсныг тус компани мэдээллээ.

Өчигдөр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр “Монголын Хөрөнгийн биржийг түшиглээд нүүрсээ зарах шийдвэрийг гаргалаа. Маргааш “Эрдэнэс Тавантолгой” ХХК гурван удаагийн дуудлага худалдаагаар 21 компанид ойролцоогоор 130-140 мянган тонн нүүрс зарна. Энэ нь нэг сарын хэрэглээний нүүрс.

Долдугаар сарын 1-н гэхэд Монгол Улсын нийт нүүрсийг 36 сая тонн гэж үзвэл 12 сая тонныг биржээр зардаг болох зорилт тавьж байна. 2024, 2025 онд бүх нүүрсээ биржээр зардаг болно” гэж байв.

Холбоотой мэдээ