Ялгаварлалгүй хүүхдийн мөнгө олгох хүсэлтийг төрийн өндөрлөгүүдэд хүргэлээ

2023-02-09

Хүүхдийн мөнгөнд хамрагдаж чадаагүй ээжүүдийн төлөөлөл мэдээлэл хийж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохыг хүсэж Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт захидал хүргүүлжээ.

Ээжүүдийн төлөөлөл:

Засгийн газраас нийт хүүхдийн 91 хувь хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэж, бүрэн олгосон гэж мэдээлсэн боловч өрхийн орлого нь 3.5 сая төгрөг хүрэхгүй, хагас бүтэн өнчин болон өрх толгойлсон эцэг эхтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олноор хүүхдийн мөнгөнд хамрагдаж чадаагүй байна.

4000 гаруй өрхөөс авсан судалгаагар 99.6 хувь нь хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох ёстой гэж хариулсан байна.  Ээжүүд бид ганцхан бэлэн мөнгөний араас яваагүй. Төр биднийг хүүхдийн 100 мянган төгрөгөө аваад Цагаан сардаа зарцуулна гэж бодоод байх шиг байна. 36 хувь нь бэлэн мөнгөөр авсан гэсэн бол 41 хувь нь хадгаламжинд хийнэ гэж хариулсан байна.

Нийт 9 хувийг хүүхдийн мөнгөнөөс хассанаар 135 тэрбумыг хэмнэнэ гэж ойлгосон. Хүүхдүүдээ харамласан мөнгөө эргээд хүүхдүүддээ буюу эрүүл мэндийн салбартаа, хүүхдийн цагаа зөв өнгөрөөх орчинг бий болгох, агаарын бохирдлыг бууруулахад зориулна гэж итгэж байгаа. Гэвч бодит байдал дээр энэ хэмнэсэн мөнгө үр ашиггүй авто замуудын нэр төдий засаж өнгөлөх, төрийн яамдын орд харш мэт барилгуудад зарцуулагдаж байна.

Монголын ирээдүй болсон хүүхдүүддээ мөнгөн дүнг нь хасаад ч боловч тэгш олгоосой гэж хүсэж байна. Хүүхэд бүрд тэгш олгоод, үнийн дүн нь багассан тохиолдолд хүүхдийн цагаа зөв боловсон өнгөрөөх орчин, хүүхэд өсөх эрүүл орчинд зарцуулахыг хүсэж байна.

Холбоотой мэдээ