Х.Нямбаатар: Нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.доллараас дээш гарах боломж бүрдэнэ

Ерөнхий сайдын санаачилгаар 2023 оныг Засгийн газраас авлигатай тэмцэх жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан тогтоолыг баталсан байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.

Авлигатай тэмцэх жилийн хүрээнд ЗГ-ын сайд нар болон харьяа агентлагийн хүрээнд хийж хэрэгжүүлбэл зохих албан даалгаврыг баталлаа. Авлигатай тэмцэх бодлогын ачаар 55 орчим их наядад хүргэх боломж нөөц бий гэсэн тооцоо судалгаа гарсан. Мөн авлигатай тэмцэх бодлогын хүрээнд дэвшүүлсэн зорилтууд үр дүнд хүрсэн тохиолдолд ДНБ-ий нэг хүнд ногдох орлого анх удаа 5000 ам.доллараас дээш гарах боломжтой гэсэн тооцоолол гарсан. Авлигатай тэмцэж үр дүнд хүрсэн орнуудын туршлагыг судалж үзсэний үр дүнд тогтоолын төслийг боловсруулсан.

Авлигатай тэмцэх жилийн хүрээнд ЗГ-ын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад дараах таван ажлыг даалгалаа. Үүнд

  • Шүгэл үлээх үйл ажиллагааг эрчимжүүлэх
  • Шүүр ажиллагааг идэвхжүүлэх. Энэ нь төрд ажиллаж байгаа ч орлогоосоо давсан хэрэглээтэй. Орлогоо нотолж чадахгүй нийтийн болон улс төрийн албан тушаалтнуудыг нийтийн албан тушаалаас шүүрдэн чөлөөлөх ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулна. Төрийн өмчит компанид паразит хэлбэрээр ажиллаж, амьдардаг албан тушаалтнуудыг цэвэрлэх ажиллагаа.
  • Шувуу ажиллагаа. Төрийн албанд ажиллаж байхдаа авлига албан тушаалын гэмт хэргээс шалгуулахгүйгээр оргон зайлсан, зугтсан гадаадад байгаа иргэдийг олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны хүрээнд эх нутагт нь буцаан авчирч, мөрдөн шалгах ажиллагаа.
  • Шилжүүлэн авах ажиллагаа. Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг буцаан авчрах ажиллагааг эрчимжүүлнэ.
  • Төрийн өмчит бүх компаниудын засаглалыг сайжруулж, солих шилэн ажиллагаа.

Манай ДНБ 44 их наяд төгрөг дотор эргэлдэж байгаа. Нүүрсээ хил үнээр зарах, далд эдийн засгийг ил болгох замаар ДНБ-д 10 орчим их наядын өөдрөг хүлээлттэй байна. Нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.доллараас дээш гарах боломж бүрдэнэ. Эдийн засгаа эрүүлжүүлэх, далд эдийн засгаа ил болгох, эдийн засгаа өөд нь татах бидэнд байгаа боломж бол авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх гэж бодож байгаа.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn