Өнөөдрийн сонсголоор Хөгжлийн банкнаас зээл авсан “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа болон санхүүгийн зөрчлийн талаар хэлэлцэж байна.
Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад Хөгжлийн банкнаас 2014 оны жилийн эцсийн байдлаар 8.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авснаас хяналт шалгалтын явцад Хөгжлийн банкны данснаас 1.8 тэрбум төгрөгийн зарцуулалт нь тодорхойгүй чекээр авсан зэрэг зөрчил илэрсэн юм.
Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтийн 28 хувийг Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад зарцуулсан байх магадлалтай гэж тус төслийн санхүүжилтэд хяналт шалгалт хийсэн шинжээч дүгнэлтээ танилцуулав.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Энэ одоо яг юу нь болохгүй болчхоод байгаа юм. Би ерөөсөө ойлгохгүй байна. Монгол Улс газрын баялагаа боловсруулах ёстой гэж би ойлгодог. УИХ, Засгийн газрын тогтоолууд он цагийн дагуу гарчихсан. Үүнд оролцсон хүмүүс бүгдээрээ сууж байна. Энэ чинь бидний хувьд анхны юм шүү дээ.
Анх удаа бид боловсруулах үйлдвэр гэдэг зүйлийн тухай яриад сайдын хувьд гэгээлгээр ажлууд хийсэн. Би үүгээрээ бахархдаг. Цаашид ч хийнэ гэж бодож байгаа. Нэлээн ч ажлууд хийгдсэн. Нийт 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх ёстой. Монголын Засгийн газар 34 хувийг нь оруулахад 1.7 орчим тэрбум ам.доллар болох ёстой юм. Үлдсэн 66 хувийг нь хувийн болон гадаадын хөрөнгө оруулагч нарыг оруулж ирэх ёстой. Ерөнхийлөгч байх хугацаандаа энэ ажлуудыг хийгээд Тавантолгойгоос сайншанд хүртэлх 416км төмөр зам, авто зам, усны нөөцийн хайгуул, байгаль орчны шинжилгээ гэхчлэн янз бүрийн ажлуудыг нь амжуулсан. Одоо Монгол Улсын Засгийн газар энэ хөрөнгөө 2 тэрбум ам.доллароор үнэлж болж байна. Бодвол та нар гадаад, дотоодод сургууль соёл төгссөн боловсролтой хүмүүс байх.
Татан буулгаж байхын оронд Монгол Улсын Засгийн газар “2 тэрбум ам.доллараа 34 хувь гэж үнэлж байна, үлдсэн 66 хувь дээр нь гадна дотнын хөрөнгө оруулагч нарыг дуудаж байна” гэж зарлах ёстой шүү дээ.
Юун татан буулгах асуудлыг яриад байна вэ? Энэ ажлыг би өөрөө хариуцаад ажиллавал босгож чадна.
Энэ ажлыг жадлан эсэргүүцдэг хүн бол Ч.Хүрэлбаатар. Монголчууд Эрдэнэт үйлдвэрээс хойш анх удаа үйлдвэр байгуулах гэж ажилласан оролдлого шүү. Алдаа оноо байсныг үгүйсгэхгүй” гэлээ.