“Фортуна” хэмээх Н.Батбаяр нэр төрд нь халдсан тул уучлалт гуйхыг шаардлаа

2023-02-07

УИХ-ын Түр хорооны Нотлох баримт шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Та Эдийн засгийн хөгжлийн яамны сайдаар ажиллаж байсан. Таны үндсэндээ эрхлэх асуудлын хүрээнд Хөгжлийн банк ажиллаж байсан. 2011 оны сүүлээр манай улс дэлхийд гайхагдаж байсан. Дэлхийн хамгийн срэнгүй хөгжиж байсан, 17.6 хувь өсч байсан санагдаж байна. Азийн Дубай болох нь гэж хөрөнгө оруулагчид Монгол руу хошуурч байсан. Энэ хугацаанд Чингис бондын 1.5 тэрбум хүртэлх ам.доллар орж ирсэн. Юунд зарцуулав гэдгийг сонсъё. Монгол Улс бэлэн байсан уу? Хөгжлийн төсөл байсан юм уу? Гэнэт бэлэн мөнгөтэй юунд зарцуулах вэ гэдгээ мэдээгүй юм биш үү? Нэгдүгээрт, энэ дээр таны өөрийн бодол санааг сонсмоор байна. Таны 2013 онд баталсан түр журам байна” гэлээ.

Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан Н.Батбаяр “Сонсголд оролцох хүсэлт ирүүлсний дагуу хүрэлцэн ирснээ хэлэхийг хүсч байна. Та сая хэллээ, түрүүчийн сонсголд та ирээгүй гэж. Тийм ээ, би ирээгүй. Яагаад гэвэл надад албан ёсоор мэдэгдэл өгөөгүй. Мэдэгдэх нь битгий хэл утсаар яриагүй. Мессэж өгөөгүй. Тэгсэн хэрнээ УИХ-ын индэр дээрээс Батбаярыг дуудсан боловч ирээгүй гэж ташаа мэдээлэл өгсөн. Энэ ташаа мэдээллээ залруулж, уучлалт гуйхыг танай Ажлын албанаас шаардаж байна. Миний нэр төрд халдсан учраас энэ ташаа мэдээллээ залруулж өгөхийг сонсголын дарга танаас хүсье, эхний ээлжинд”.

Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Та гэрчийн хувьд асуултад хариулна уу. Шаардлага хүргүүлэх шаардлага байхгүй. Би Ажлын албаныхантайгаа ярьж байж асуудалд хариу өгнө”.

Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан Н.Батбаяр “Дэгээрээ эхлээд мэдүүлэг өгнө гэсэн заалттай юм билээ. Би уншсан. Гэхдээ та асуулт асуусан учраас хариулъя. Тийм ээ, 2012 онд ард түмэн Засгийн эрхийг Ардчилсан намд өгсөн. 2012 оны сүүлийн хагасаас эхлээд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ огцом унасан. Энэ нөхцөл байдал Монголын эдийн засагт таатай бус тусах нь ээ. Нэлээн хатуухан уналт орж ирэх нь гэж үзсэн учраас түүнээс сэргийлэх үүднээс гаднаас мөнгө босгож, эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Чингис бондыг босгох асуудлыг гаргаж тавьсан.

Би 2012.08.18-ны өдөр Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдсон. Бондын асуудлыг сайд болсноосоо хойш 12 хоногийн дараа буюу наймдугаар сарын 30-нд гаргаж тавьсан. Аравдугаар сарын 25-нд УИХ-аас Засгийн газарт 5 хүртэлх тэрбум ам.долларын бонд гаргах зөвшөөрлийг Засгийн газарт олгосон. Түүний дагуу ажиллаж, Засгийн газрын 100 хоногийн хугацаанд буюу 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1.5 тэрбум ам.доллар босгосон. 2012.12.06-ны өглөө Сангийн яамны дансанд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө орж ирснээр түүх эхэлсэн. Өнөөдөр Хөгжлийн банкны өнгөрсөн 10 гаруй жилийн түүхийн сайнтай, саартай талыг хэлэлцэж байна.

Миний бие Эдийн засгийн хөгжлийн сайдаар хоёр жил ажилласан. Энэ хугацаанд 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бонд, дараа нь 300 сая ам.долларын Японоос олгодог “Самурай” бонд, мөн Хятад болон Орос, Европын орнуудаас 2.5 тэрбум ам.долларын хөрөнгийг Монгол Улсад оруулж ирсэн. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллахдаа би Монгол Улсдаа гаднын зах зээлээс өртөг хямд хөрөнгө оруулж ирснээс авч гараагүй гэдгээ албан ёсоор хэлэх байна. Монголд мөнгө оруулж ирсэн болохоос би захиран зарцуулах эрх эдлээгүй гэдгээ хэлэхийг хүсч байна.

Хэрвээ “Чингис” бондын мөнгө орж ирээгүй бол, бусад хөрөнгө орж ирээгүй, эдийн засгийнхаа үйл ажиллагааг явуулаагүй байсан бол 2012, 2013 онд Монгол Улс маш хүнд байдалд орох байсан. Яагаад гэвэл дэлхийн зах зээл дээр манай улсын эрдэс баялгийн үнэ асар их хэмжээгээр унасан. Өнөөдөр нүүрс хэдэн зуун ам.доллараар үнэлэгдэж байгаа бол тэр үед 30 ам.доллар хүртлээ унасан. Зэс, алтны үнэ унасан байдалтай байсан. Энэ хөрөнгө зорилгоо биелүүлж, огцом уналтаас Монгол Улсыг аварч чадсан гэдгийг хэлэхийг хүсч байна.

“Чингис” бондын хөрөнгөөр нийт 371 бүтээн байгуулалтын арга хэмжээ хийгджээ. Бүх арга хэмжээг дурдсангүй, тодорхой хэмжээнд асуудалд орж болзошгүй гэдэг зүйлүүд дээр анхаарал хандуулж ярилаа гэж ойлголоо.

Энэ мөнгө анх хоёр утгаар орж ирсэн. 500 сая ам.доллар нь 5 жилийн хугацаатай, 4.1 хувийн хүүтэй. 1 тэрбум ам.доллар нь 10 жилийн хугацаатай, 5.1 хувийн хүүтэй боссон мөнгө. Түүнээс хойш олон удаа бонд боссон. Гэхдээ “Чингис” бонд шиг 4 хувийн хүүтэй мөнгө босоогүй гэдгийг албан ёсоор хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, хамгийн хямдаар боссон мөнгө. Та өндөр үнэтэй бонд гэж хэллээ. “Чингис” бондоос хойш боссон бүх мөнгө өндөр үнэтэй боссон байгаа шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Хамгийн сүүлд 8.65 хувийн хүүтэй бонд боссон. “Чингис” бондын хүүнээс даруй хоёр дахин өндөр хүүтэй боссон байна.

“Чингис” бондын мөнгө харьцангуй хямд үнэтэй боссоныг бас “Оюутолгой”-той харьцуулж болно. “Оюутолгой” зээл, зээлийн хүү нь 8 хувьтай. “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын зээлийн хүүнээс “Чингис” бонд даруй хоёр дахин бага хүүтэй боссон гэдгийг энд зориуд цохож хэлэхийг хүсч байна.

“Чингис” бонд босгоод, Монгол Улсыг өрөнд оруулсан мэт, балласан мэт ярьж байгаа нь үзэл суртлын улс төржсөн арга хэмжээ. Харин эсрэгээрээ “Чингис” бонд болон бусад бондууд орж ирснээрээ Монгол Улсад их бүтээн байгуулалт хийгдэж чадсан. Сая цахилгаан станцуудыг ярилаа. Хэрвээ “ДЦС 4”, “ДЦС 3”-ын өргөтгөл, “Амгалан” ДЦС шинээр баригдаагүй байсан бол Монгол Улс 2015, 2016 онд хөлдчих байсан” гэв.

Холбоотой мэдээ